Өнөөдөр 14.00 цагаас НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхээр зарласан ч НИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргаж: "НЗД өгөөд УБ хотын захирагч С.Батболдтой хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн Ерөнхий сайд өөрийн биеэр хуралдаан дээр ирж саналаа танилцуул" гэсэн юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Одоогоор Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо ТББХ-ны хуралдаанд оролцож буй тул энд ирэх боломжгүй байна. Үдээс хойш 17:00 цагаас хуралдаан эхэлнэ гэсэн.
Тэгвэл дөнгөж сая буюу НИТХ-ын хуралдаан 17:30 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Баатархүү санал гаргаж, Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх боломжгүй бол ЗГХЭГ-ын даргаа явуулах ёстой. Гэтэл хэн хэн нь ирээгүй байна. 1 сая хүн амтай УБ хотын иргэдийг төлөөлж байгаа НИТХ-ыг хүндлэхгүй байна. Иймд АН-ын бүлэг дахин завсарлага авья хэмээсэн юм.
Энэ удаагийн хуралдаанд ЗГХЭГ-ын дэд дарга С.Бямбасүрэн Ерөнхий сайдын саналыг танилцуулахаар ирсэн боловч НИТХ-ын төлөөлөгчид уг саналыг сонссонгүй. Шууд тарж явцгаалаа.
Дашрамд дурдахад 7 хоногийн дараа НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдах бөгөөд НИТХ дахь намын бүлгүүдийн зүгээс завсарлага авах эрхийг дахин өгөхгүй асуудлаа хэлэлцээд явна гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн юм.