Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 15,899 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд халдварын тохиолдол арваар нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал долоон хүний шинжилгээнд халдвар илэрсэн. "Ачтан" эмнэлгийн голомтод хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн, нэг тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдсөн буюу Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 652 тохиолдол батлагдаад байна. Бусад аймгуудад өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-459
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалт руу буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ хэмээн мэдэгдлээ.