Одоогоос 29 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдаж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт баталсан билээ.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийт иргэд та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Үндсэн хууль бол эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх, эрх зүйн шинэчлэлт хийх зэрэг хууль зүйн үндсийг тогтоосон, манай ард түмний оюуны үнэт өв, баялаг төдийгүй дэлхийн жишигт нийцсэн, эрх зүйн дээд хүчин чадвартай түүхэн баримт бичиг билээ.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд “дордуулсан” долоон өөрчлөлтийг оруулж, 2008, 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн баригдаж байсан боловч хэлэлцэгдээгүй юм.
Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалыг илүү төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 40 гаруй хуулийг батлахаас Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг суурь хуулиудыг батлаад байна.
Үүний үр дүнд парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс, хариуцлага сахилга бат бүх шатанд төлөвшсөн, байгалийн баялгийн өгөөж иргэддээ тэгш шударга хүртэгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох болно.
Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, иргэддээ амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Мэдэгтүн, сахигтун!
АРДЫН ИХ ХУРЛЫН ДАРГА АСАН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГОМБОЖАВ
Улаанбаатар хот
2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.