АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулснаар дэд Ерөнхийлөгчөөр тус улсын түүхэнд анх удаа өнгөт арьст эмэгтэй Камала Харрис сонгогдохоор болсон. Тэгвэл уг түүхэн үйл явдлыг алдарт Vogue сэтгүүл тэмдэглэн үлдээж, хоёрдугаар сарын шинэ дугаарынхаа нүүр хуудсыг түүний зургаар чимэхээр болжээ.
Гэсэн ч Камала Харрисын Vogue сэтгүүлд зориулан авахуулсан танилцуулга зураг олны шүүмжлэлд өртөж эхэллээ. Хоёр зурагний нэг дээр Харрис яагаан өнгийн гялтганасан хөшигний урд авахуулсан байгаа нь хэт замбараагүй харагдаж байгаагийн дээр арьсны өнгийг нь хэт цайруулсан харагдаж байгааг цахим орчинд шүүмжилж байна.
Тухайлбал Нью-Йорк Таймс сэтгүүлийн бичээч Важахат Али “Юун холион бантан бэ. Анна Винтур лав өнгөт арьст найзууд, хамтран ажилчидгүй байхаа. Би Samsung гар утсаараа дэд Ерөнхийлөгч Камала Харрисын зургийг авбал Vogue сэтгүүлийн нүүр зурагнаас ч илүү зураг дарж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн шүүмжлэв.
Өнгөрсөн жил Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасандаа хүлцэл өчиж байсан юм. Ингэхдээ “Vogue өнгөт арьст редакторууд, бичээчид, загвар зохион бүтээгчид, гэрэл зурагчид зэрэг бусад уран бүтээлчдэд хангалттай боломж олгож, дэмжиж ажиллаагүй гэдэгтээ хүлцэл өчиж байна. Бид гаргасан алдаандаа бүрэн хариуцлага хүлээхийг хүсч байна” хэмээн бичиж байсан юм.
Харин энэ удаад Харрисын арьсны өнгийг цайруулсан гэх шүүмжлэлийг эрс үгүйсгэж байна. Харрисын энэ удаагийн зургийг 2018 онд Vogue сэтгүүлд дуучин Бионсегийн зургийг авч, алдартай болсон 23 настай Тайлер Мичель дарсан бөгөөд аль нь Vogue-ийн нүүр хуудсанд гарахыг хараахан шийдээгүй байгаа ажээ. Харрисын хувцас, үс, нүүр будгийг өөрийнх нь багийн менежерүүд анхаарч ажилласан байна. Хувцасны сонголтоо дэд Ерөнхийлөгч өөрөө хийжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.