Коронавирусийн цар тахлын үед үүссэн эдийн засгийн бэрхшээлтэй нөхцөлд БНСУ өнгөрсөн онд нийт 11.85 их наяд воны ажилгүйдлийн тэтгэмж төлсөн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрөгч арванхоёрдугаар сард л гэхэд 956 тэрбум гаруй воны тэтгэмжийг ажил хайсан иргэдэд өгсөн гэж Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн яамнаас мэдээлсэн юм. Ажил хайх тэтгэмж нь ажилгүй иргэдэд ажил олоход нь туслах зорилготой бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийн ихэнх хувийг бүрдүүлдэг байна.
Тус улсын ажилгүйдлийн тэтгэмжийн өмнөх дээд хэмжээ нь 2019 онд бүртгэгдсэн бөгөөд БНСУ-ын Засгийн газар тухайн онд 8.09 их наяд воны тэтгэмж төлжээ.
Өнгөрсөн сард ажил хайгчдын тэтгэмж авахаар 108,000 иргэн шинэ өргөдөл гаргасан нь 2019 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 12 мянга буюу 12,5 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн сард нийт 600 мянган хүн тэтгэмж авсан нь 2019 оны адил сартай харьцуулахад 181 мянга буюу 43,2 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин хөдөлмөр эрхлэлтийн улсын даатгалд хамрагдсан иргэдийн тоо 239 мянга буюу 1.7 хувиар өсөж, 14.08 сая болжээ. Гэвч коронавирусийн цар тахлын нөлөө хүчтэй мэдрэгдэж эхэлсэн 2020 оны тавдугаар сард энэхүү өсөлтийн хурд огцом буурсан байна.
Эх сурвалж: Yonhap News Agency