А.Амбасэлмаа: 2021 оны 01 сарын 09-ний байдлаар 22993 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нэг хүн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч юм. Ингэснээр Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 болж байна.
ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас мөн халдвар илэрсэн.
Үлдсэн 19 тохиолдол нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн.
Үүнд:
БГД-ийн 6-р хорооны 65, 12-р байрнуудаас давтан шинжилгээгээр найман хүнд илэрсэн. БГД-ийн 5,6-р хорооноос 18584 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 13262 хүний хариу гарснаас 6 батлагдсан тохиолдол гарсан.
Мөн голомт нь идэвхтэй байгаа "Мөнхада" ХХК-ийн нэг ажилтны гэр бүлийн дөрвөн хүний давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Нийт энэ голомтоос 24 тохиолдол илрээд байгаа.
Мөн "Ачтан" эмнэлгийн нэг хүний хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна. Энэ дунд "Сонгдо" эмнэлэгт лабораторийг эмч ажилтай нэг хүний шинжилгээ эерэг гарсан.
"Сонгдо" эмнэлэгт хавьтал гарснаар 160 хүний шинжилгээг авсан байгаа.
Улсын хэмжээнд 1429 батлагдсан тохиолдол боллоо. Улаанбаатар хотоос бусад аймагт шинэ тохиолдол илрээгүй.
ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл:
Нийслэл хотод 10 гаруй голомт байгаагаас 3-4 голомт идэвхитэй байна.
Иргэдийн асуумж дотор өнгөрсөн шинэ жилийн баяраар нийлж баяр тэмдэглэсэн мэдээлэл их байна. Голомт ихэвчлэн нэг хамт олон, нэг байгууллага, нэг нийллэг, найз нөхөд, гэр бүлээс гарч байна.
Иймд манай иргэд цугларалт хийхгүй байхад анхаарч өгөхийг хүсэж байна. Хөл хорионы дэглэмийг сайн сахиж чадаагүй учраас эдгээр тархалт, голомтууд гарсан гэж үзэж байгаа.
Маргаашнаас хөл хорионы дэглэм сулархад иргэд илүү сэрэмжтэй байх ёстой. Ялангуяа хүний бөөгнөрөл үүсгэхгүй, уулзахгүй, тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй байхыг анхааруулъя.