Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Жонг Сэ Гюн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинэ удирдамжийн улмаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа хэдий ч түрээсийн төлбөр зэрэг бусад дарамтад орсон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн талаар ярин, нулимс дуслуулжээ.
Ерөнхий сайд Жонг өнөөдөр тус улсын Үндэсний Ассамблейн коронавирусийн хөл хорио болон вакцины талаарх яаралтай хуралд оролцож, Шударга ёсны намын хууль тогтоогч Бэ Жин-киотой асуулт хариулт солилцсон юм.
Бэ гишүүн Инчён хотод фитнес төв ажиллуулдаг нэгэн иргэний нөхцөл байдлыг иш татан "Сард найман сая воны түрээсийн төлбөрийн дээрээс бусад тогтмол зардлууд нэмэгдэн сард 12 сая вон төлөх хэрэгтэй. Гэтэл Засгийн газрын зүгээс 1.9 хувийн хүүтэй зээл олгох, цахилгаан гэх мэт хэрэглээний төлбөр төлөх хугацааг сунгах, гурван сая воны дэмжлэг үзүүлэх гэсэн л арга хэмжээ авч байна" хэмээн ярьжээ.
Жонг үүний хариуд "Би маш сайн ойлгож байна. Өөрийгөө түүний оронд тавиад үзвэл хэчнээн хэцүү байгааг нь төсөөлж байгаа учир нулимс гарч байна" гэж хариулсан байна.
Төлөөлөгч Бэ түүнчлэн "Олон нийтийн хөл хорио тогтоох шаардлагатай болсны улмаас хориг, хязгаарлалтад өртсөн аж үйлдвэрийн салбаруудад нөхөн олговор төлөх ёстой" гэсэн шаардлага тавихад Ерөнхий сайд "Бидэнд энэ талаарх хууль тогтоомж байхгүй хэдий ч Үндсэн хууль болон дэлхийн жишгээс харахад энэ нь үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна" хэмээн тэмдэглэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Энэ хүний төлж буй түрээс нь найман сая вон гэлээ. Бизнес эрхлэх боломжгүй үедээ түрээсийн төлбөрөө төлөх ёстой болсон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нулимсыг хэрхэн арчих билээ..." хэмээн хоолой нь зангираад, "Энэ үнэхээр хэцүү хэрэг" гэж харамссан юм.
Эцэст нь Ерөнхий сайд Жонг Сэ Гюн "Би долоо хоног бүр Ерөнхийлөгчтэй хийдэг уулзалтынхаа үеэр энэ талаар ярилцан, уг асуудалд хамтдаа санаа зовсон. Коронавирусийн цар тахлын хямралтай тулгараад буй энэ үед улстөрчид ба Засгийн газар хамтран хариу арга хэмжээг бодож олон, хэрэгжүүлэх боломжийг гаргаж авах ёстой гэж бодож байна" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: newsis.com