Удам дамжсан уурхайчин, гагнуур хийх хоббитой Ц.Ариунжаргал эхнэр, дөрвөн хүүхдийн хамт СХД-ийн 22-р хороонд байрлах эзэмшлийн газар дээрээ хөл хорионы хугацааг өнгөрүүлж байна.
Эзэмшил талбайгаа тав тухтай болгож тохижуулахад интернэтээс загвар харж, гагнуураар эвхдэг сандал, ил талбайд галлах тулга зэргийг хийжээ. Байрандаа очихгүй байгаа бөгөөд хүүхдүүд нь цэвэр агаарт, хөдөлгөөний хомсдолд орохгүй, гагнуур хийх хоббигоо илүү хөгжүүлж байгаадаа баяртай байна гэлээ.
Ц.Ариунжаргал нь уурхайд ажилладаг бөгөөд ээлж солигдохгүй гэртээ 21 хоног байх хугацаандаа зүгээр суулгүй, хоббиндоо хөтлөгдөн гагнуур хийж, эвхэгддэг ширээ, сандал, сүүдрэвч хийжээ. Өөртөө байгаа багаж, төхөөрөмжөөр хийсэн болохоор нээх гоё хийцтэй болоогүй хэмээн дурдсан ч хийсэн бүтээл нь хэр баргийн хүн хийж чадахааргүй байсан юм. Түүний аав нь чадварлаг гагнуурчин байсан бөгөөд ааваасаа гагнуурын ур ухааныг эзэмшсэн гэнэ.
Тухайн гэр бүлийн хувьд хашаандаа мод тарьж, хуучин гэрийн сууриа ашиглан сүүдрэвч, ил гал тойрон суух орчныг өөрсдөө хийж бүтээсэн байна. Тэдний гэр бүл орон сууцанд амьдардаг ч гэсэн цэвэр агаарт, хашаандаа өөрийн хүссэн зүйлээ хийн бүтээлч өнгөрүүлж байна.
СХД-ийн 22-р хорооны 8 хэсгийн ахлагч: Энэ хавь 15 жилийн өмнө хогийн цэг байсан бөгөөд уг газрыг тэгшлэн хашаа, хороогоо барин амьдарч байна. Тус гэр бүлийн хувьд хөдөлмөрч, ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.