"Фейсбүүк" компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар Сан Францискогийн нэгдсэн эмнэлэгт 75 сая ам.доллар хандивлажээ. Энэ нь хувь хандивлагчаас улсын эмнэлэгт өгсөн хамгийн том хандив аж.
Сан Францискогийн Нийгмийн эрүүл мэндийн газрын харьяа энэхүү байгууламж нь хотын хамгийн ядуу иргэдэд үйлчилдэг байна. Уг эмнэлэгт Сан Францискогийн цорын ганц сэтгэцийн яаралтай тусламжийн өрөө байдаг бөгөөд онгоцны осол, галт зэвсгийн гэмтэл зэрэгт яаралтай тусламж үзүүлдэг гэнэ.
Хүүхдийн эмч мэргэжилтэй Присцилла Чан Сан Францискогийн нэгдсэн эмнэлэгт резидент эмч байсан бөгөөд тэрээр энэ талаар "Энэ эмнэлэг Сан Францискод амьдардаг, ажилладаг, эсвэл аялж ирсэн бүх хүнд маш чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болохыг би өөрийн биеэр мэднэ" хэмээн ярьсан байна.
Хотын дарга Эд Ли энэхүү эмнэлгийг бүх иргэдэд хамгийн өндөр түвшний тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдгийг онцлоод, шинэ өргөтгөлийг нь барихад шаардагдах асар их мөнгө хотын чадвараас давсан байсныг тэмдэглэжээ. Тэрээр "Бидэнд хувийн хэвшлийн зүгээс тусламж хэрэгтэй байсан" гэжээ.
Сүүлийн үед АНУ-ын Сан Франциско хотын технологийн салбарын чинээлэг эзэд төрөл бүрийн хандив өгөх нь эрс ихэссэн. "Силикон Валли"-гийн технологийн компаниуд сүүлийн жилүүдэд хотыг өөрчлөн, хотыг зорьсон их хэмжээний ажилчдын улмаас орон сууцны зардал эрс өссөн байна.
Эх сурвалж: Los Angeles Times