БНСУ-ын Гуанжу хотын үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн цагдаагийн алба хаагчийг баривчилсан тухай орон нутгийн цагдаа нар пүрэв гарагт мэдэгдэв.
Гуанжу Собүгийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Им нь арванхоёрдугаар сарын 18-ны 04:00 цагийн орчим хотын өмнөд хэсэг дэх үнэт эдлэлийн дэлгүүрт нэвтрэн, 25 сая воноор үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. Тэрээр хэргээ хүлээгээд байгаа аж.
Хэргийг шалгаж буй Гуанжу Намбу цагдаагийн газрын мэдээлснээр Им хэдэн зуун сая воны мөрийтэй тоглоомын өрөнд орсныхоо дараа уг дээрмийг үйлдсэн байна. Дээрэм үйлдсэн өдрийнхөө өглөө нь тэрээр юу ч болоогүй мэт ажилдаа ирсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Им дэлгүүрт нэвтрэх үеэрээ амны хаалт, малгай өмсөн, автомашиныхаа дугаарыг халхалсан байжээ. Тэрээр мөн мөрөө нуухын тулд олон цагийн турш хяналтын камергүй хэсгээр машинтайгаа тойрон эргэлдэж байсныг нь харахад Им төгс гэмт хэрэг үйлдэхийг эрмэлзэж байсан гэж түүний хамт ажилладаг цагдаа нар үзэж байгаа юм.
Мөрдөн байцаагчид эхэндээ Имийн нягт нямбай төлөвлөгөөний улмаас түүнийг олж илрүүлэхэд бэрхшээлтэй тулгарч байсан боловч хувийн байшингуудад суурилуулсан хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийн, тууштай мөрдсөний эцэст түүний автомашиныг тогтоосон байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.