Өмнөд Солонгосын Чэжү арал дээрх мөрийтэй тоглоомын газраас асар их хэмжээний бэлэн мөнгө алга болсон хэргийг цагдаа нар шалгаж эхэлсэн гэж албаныхан өнөөдөр мэдэгдэв.
Тус улсын хамгийн том цогцолбор амралтын газруудын нэг болох "Jeju Shinhwa World"-д байрлах "Landing Casino"-гоос 14.56 тэрбум воны бэлэн мөнгө алга болсон гэх дуудлагыг Чэжүгийн цагдаагийн газар энэ долоо хоногийн даваа гарагт хүлээн авчээ.
Мөн энэхүү мөрийтэй тоглоомын газрыг удирддаг Хонконгийн "Landing International Development" компаниас цагдаагийн газарт хандан, уг казинод бэлэн мөнгө хариуцан ажилладаг малайз ажилчныг олж илрүүлэхийг хүссэн байна. Тус эмэгтэй ажилчин нь өнгөрсөн оны сүүлчээр амралт авснаасаа хойш ажилдаа ирээгүй бөгөөд холбоо барих боломжгүй байгаа аж.
Орон нутгийн цагдаа нар уг малайз эмэгтэйг олохоор өргөн хэмжээний эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн казиногийн хяналтын камерын бичлэгийг аваад байгаа хэдий ч бэлэн мөнгийг хулгайлах үеийн бичлэгийг устгасан байсныг тэмдэглэжээ.
Алга болсон бэлэн мөнгө нь ганц хүн авч явахад хэтэрхий хүнд учир хулгайн ажиллагаанд дор хаяж хоёр ба түүнээс дээш хүн оролцсон гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Хэрэв бүх алдагдсан бэлэн мөнгө 50 мянган воны дэвсгэрт байсан бол нийт 291,200 мөнгөн дэвсгэрт болох бөгөөд 280 кг-аас дээш жинтэй байх юм.
Ийм их хэмжээний бэлэн мөнгийг нисэх онгоцны буудлаар эсвэл далайн боомтоор дамжуулан гадаадад гаргах хэцүү тул цагдаа нар бүхий л боломжийг нээлттэй үлдээж байгаа гэнэ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.