УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийсэн.
2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент "Шүүхийн тухай хуулийг өөрчлөх томоохон ажил хийж, өдөр шөнөгүй энэ тухай л ярьж байна" хэмээн хуулийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн нь учиртай.
Үнэхээр ч Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төсөл дээр жил шахуу ажиллаж, байнгын хороо үүрийн 05 цаг хүртэл хуулийн хэлэлцүүлгийг хийлээ хэмээн жиргэж "анхны рекорд" гаргасан зэргээс харвал уг хуулийг агуулга ач холбогдол хэр өндөр буй нь харагдана.
Шүүхийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт хуулийн ялгааны талаар тайлбарласан ярилцлага өгсөн. Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО БАЙГУУЛАГДАНА
Товчилбол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоо үндсэн гурван асуудал байна. Шүүгч хүний “дарга” нь зөвхөн Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль л байх ёстой. Гэтэл өнөөдөр шүүх эрх мэдэл нь улс төрөөс буюу томилогдсон албан тушаалтнаас, улстөрчдөөс хамаарал маш өндөртэй байгаа. Энэ хамаарлыг арилгаж байгаа, нэгд.
Хоёрт, шүүгчийг шүүгчдээс нь, тэр дундаа дээд шатны болон ерөнхий шүүгчээс, танхимын тэргүүнээс, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс, мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хорооноос нь хүртэл айх айдасгүй, нөлөөгүйгээр шүүн таслах ажиллагаагаа явуулах бололцоог олгосон шинэчлэл хийж байгаа. Энэ хуулийг баталснаар шүүх дотор хэн нь ч дарга биш болно, ерөнхий шүүгч нь шүүгчдэдээ нөлөөлөх ямар нэгэн эрх мэдэлгүй болно.
Гуравт, шүүгчдийг өнгө, мөнгө болон мэргэжил боловсролын хувьд хамааралгүй болгоно. Хувь хүнийн болон мэргэжлийн чадварын хувьд бусдаас бие даасан байдлаар ажиллах бүрэн чадамжтай, мэргэжилдээ бардам, шилэгдмэл шүүгч нар гарч ирэх системийг бий болгоно. Ийм шударга, өндөр шалгуураар гарч ирсэн шүүгч бол шударга ёсны баталгаа, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн хана хэрэм байж чадна гэдэг үзэл санаа нь энэ хуулийн амин сүнс юм.
УДШ-ИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИД БИШ УДШ-ИЙН ШҮҮГЧДЭД ГАРГАНА
Одоо бол шүүгчдийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийг, бүх шатны шүүгч, ерөнхий шүүгч, шүүгчдийн ёс зүй мэргэжил ур чадварыг үнэлж хариуцлага тооцдог мэргэжлийн болон ёс зүйн хороодыг, бараг бүгдийг нь Ерөнхийлөгч томилж байгаа. Энд хэн Ерөнхийлөгч байх нь хамаагүй. Хамгийн гол нь шүүхийн систем бүхэлдээ нэг цонхны үйлчилгээтэй, нэг албан тушаалтнаас хамаарсан босоо удирдлагатай болсон. Хязгааргүй эрх мэдэл бол хяналтгүй дарангуйллыг бий болгодог. Хэт төвлөрсөн ийм их эрх мэдэл дээр ямар ч сайхан сэтгэл өвөрлөсөн хүн эвдэрнэ. Энэ төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Түүнээс биш, одоо байгаа Ерөнхийлөгчөөс, эсвэл дараагийн Ерөнхийлөгчөөс эрх мэдлийг нь булааж аваад хэн нэгэнд, даргад аваачиж өгөх гээд байгаа юм ерөөсөө байхгүй.
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА ГЭЖ ШИЙДВЭР ГАРГАВАЛ УГ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТАН ШУУД ОГЦОРНО
Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын хоёр том өөрчлөлт орсон. Нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж. Үндсэн хуульд зааснаас өөр болон илүү эрх мэдэл олгох, тийм хууль гаргахыг хуулиар хориглосон. Хэрвээ олговол Үндсэн хууль зөрчинө.
Хоёрт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд бүх шатны шүүгчийг томилох, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох гэдэг хоёр л эрх байгаа. Түүнээс биш, одоогийнх шиг ШЕЗ-ийн гишүүд, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилох эрх байхгүй. Энэ алдааг Үндсэн хуульдаа нийцүүлж засаж байгаа. Асуултын тухайд, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн, шүүхийн бие даасан байдалд халдсан хууль, мөн албан тушаалтны шийдвэрийг шүүх өөрөө Үндсэн хуулийн Цэцэд хянуулж хүчингүй болгуулах эрхтэй байхаар хуульчилж байгаа.
Хэрвээ Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэр гаргавал уг шийдвэрийг гаргасан албан тушаалтан шууд огцорно. Энэ нь шүүх эрх мэдлийг, шүүх эрх мэдэлтэй холбоотой Үндсэн хуулийн үзэл санааг албан тушаалтнаас хамгаалсан маш сайн хамгаалалт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.