ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба, Дотоод хэргийн яам хамтран Бүгд Найрамдах Дагестан Улсын Махачкала хотод алан хядлагын ажиллагаа бэлтгэж байсан этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоон, тэднийг баривчилжээ.
Албаныхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тусгай ажиллагаа зохион байгуулан, "ISIS" алан хядлагын бүлэглэлийн дөрвөн гишүүнийг баривчилсан байна. Сэжигтнүүд Дагестаны хууль сахиулах байгууллагын захиргааны байруудын нэгний ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэлэн, дараагаар нь тус улсын Дотоод хэргийн яамны ажилтнууд руу зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан аж.
Алан хядагчдын нууцаар байрлаж байсан газраас галт эвсэг, хутга, их хэмжээний сум, тэсрэх төхөөрөмжүүд олдсон бөгөөд гар утаснаас нь гадаадын алан хядагч нартай солилцсон зурвасууд нь илэрчээ.
Саатуулагдсан этгээдүүдэд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205.5 дугаар зүйлийн 2-т заасан террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт болон шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн мөрдөн байцаалтын ашиг сонирхлын үүднээс алан хядагч нарын нэрийг нууцалж байгаа юм.
Эх сурвалж: МВД ФСБ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.