Японы Засгийн газар коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор өнөөдрөөс эхлэн Токио болон хөрш гурван бүсэд онц байдал зарлахаар төлөвлөж байна.
Ерөнхий сайд Суга Ёшихидэ даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Засгийн газрын гишүүд нийслэл болон Сайтама, Чиба, Канагава мужуудад онц байдал зарлах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн юм. Тэрээр эдгээр бүсэд бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлууд 2021 оны эхний гурван өдөрт туйлын өндөр хэвээр байгааг онцлон, олон нийтэд илүү сайн анхааруулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэжээ.
Онц байдал нэг сар орчим үргэлжлэх төлөвтэй байна. Тус улсын Засгийн газар уг арга хэмжээг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэх бөгөөд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг хичээх гэнэ. Үүний хүрээнд зоогийн газар, баарнуудыг ажлын цагаа багасгахыг хүсэх бөгөөд хүсэлтийг хангасан бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлэх аж.
Түүнчлэн бүс нутгийн бүх сургуулийг хаахыг шаардахгүй байна. Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт мөн хуваарийн дагуу нэгдүгээр сарын 16-наас эхлэх хэдий ч халдварын эрсдэлийг бууруулах хатуу арга хэмжээ авна гэдгийг Японы эрх баригчид амлаж байгаа юм.
Эх сурвалж: NHK World-Japan