СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч даатгалын төлбөр төлөх үүрэг хэвээрээ байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг ипотекийн зээлтэй холбоотойгоор даатгалын төлбөрийн талаар мэдээлэл өгч байна. 

Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, 2020 оны 12 дугаар сарын байдлаар уг вирусээр 73 сая хүн өвчилж 1.6 сая орчим хүн нас баржээ. Улс орнуудын хувьд коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахын хажуугаар түүний үр дагавраас эдийн засгаа хүндрэлгүй авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Итали улс анхлан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосон бол АНУ цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого нь тасалдсан иргэддээ орлогоос нь хамаарч 200 хүртэлх ам.доллар олгох, Герман улс ААН-үүдийн татварыг хойшлуулж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг аваад байна.

Харин Монгол Улсын хувьд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор дотоодод коронавирус илэрсэнтэй холбоотойгоор төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 8, 6 болон 5 хувийн зээлийн төлбөрийг хоёрдох удаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд энэ удаад 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болсон.

Гэвч иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан ч даатгалын төлбөр нь хойшлогдох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаар зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа ч даатгалын төлбөрөө төлөх үүрэг тань хэвээрээ юм. Ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу зээл авч буй иргэн “Зээлдэгчийн амь нас болоод зээлийн барьцаа хөрөнгийг заавал даатгах” тухай заасан байдаг. Мөн банкны хувьд МИК-д худалдах зээлийг амь нас, хөрөнгийн даатгалд даатгуулсан тохиолдолд худалдах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авч буй, авсан харилцагч заавал даатгуулах үүрэгтэй байдаг бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тухайн зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8, 6 болон 5 хувьтай болгох боломжгүй байдаг тул банкны өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх шаардлагатай болно. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хувьд өндөр хүүтэй буюу 15 орчим хувийн хүүтэй байдаг тул банкны зүгээс таныг даатгалд хамрагдахыг санал болгож даатгалд хамруулдгийг санах хэрэгтэй.

Банк бүрийн онцлогоос хамаараад зарим банк таны жилд төлөх ёстой даатгалын төлбөр буюу даатгалын хураамжийг сар бүр тэнцүү хуваан төлүүлж байхаар тантай гэрээ байгуулан тохиролцдог. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний даатгалын төлбөр төлөхийн оронд түүнийг зээлийнхээ төлбөртэй хамт хувааж төлөх боломжийг олгосон гэсэн үг. Жишээлбэл та даатгалын төлбөрт жилд 240,000 төгрөг төлөх ёстой байсан бол үүнийг сар бүрт хуваан тооцсоноор сард 20 мянган төгрөг төлөөд даатгалд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр харилцагчийн хувьд даатгалын хугацаа дуусах, тухайн хугацаанд даатгалын тохиолдол үүссэнээр харилцагч хохирлоо барагдуулах боломжгүй болж харилцагч даатгагч хоёрын хооронд үл ойлголцол гарахаас сэргийлэх, санхүүгийн хувьд харилцагчид хүндрэл учруулалгүйгээр багахан хэмжээний төлбөрөөр таныг байнгын даатгалтай байх боломжийг бүрдүүлж өгөх зэрэг давуу талтай юм.

Тиймээс зээлийн төлбөр, даатгалын төлбөр нь 2 тусдаа зүйл бөгөөд таны зээлийн төлбөр хойшлогдсон ч даатгалын төлбөр хойшлогдох боломжгүй гэдгийг харилцагч та ойлгоорой. Тэгвэл ипотекийн зээлийг хойшлуулж болсон ч яагаад даатгалын төлбөрийг хойшлуулж болохгүй вэ? Учир нь цар тахлын улмаас улс даяар эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл үүссэн энэ үед та ипотекийн зээлээ хойшлуулсан ч энэ нь таныг эрсдэлд орохгүй гэсэн баталгаа биш билээ. Эрсдэл нь өөрөө гэнэтийн тооцоолох боломжгүй байдаг бөгөөд даатгалын төлбөрөө төлөөгүй байх хугацаанд даатгалын тохиолдол буюу гэнэтийн эрсдэл үүссэн нөхцөлд гарах үр дагавар нь хүнд тусаж болзошгүй юм.

Тиймээс харилцагч та гэрээнд заасан гэнэтийн тооцоолох боломжгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж эдийн засгийн тодорхойгүй үеийг санхүүгийн хүндрэлгүй давахын тулд даатгалын төлбөрөө бүү орхигдуулаарай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.