Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын "O.R. Tambo" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрч байсан гурван зорчигчийн гар тээшнээс нийт 73.5 кг алтан гулдмай олдон, тэднийг баривчилжээ. Сэжигтнүүдийн цүнхнээс олдсон алтан гулдмайнууд нийт 4.1 сая ам.доллароор үнэлэгдсэн байна.
Тус улсын цагдаа нар эдгээр гурван эрэгтэйг олон улсын алтны хууль бус наймааны бүлэглэлийн гишүүд гэж сэжиглэн, шалгаж байгаа аж. "Сэжигтнүүдийг байцаан шалгаж, гар тээшийг нь онгойлгоход алтан гулдмайнууд болон гадаад валют олсон" гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Атленда Мате хэлжээ.
Баривчлагдсан этгээдүүд нь Мадагаскараас Өмнөд Африк, Этиопоор дамжин Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай руу зорчиж явсан Мадагаскарын гурван иргэн аж. Тэд цагдаа нарт тээвэрлэж явсан алтныхаа гэрчилгээг өгсөн бөгөөд Өмнөд Африкийн эрх баригчид одоо Интерпол болон холбогдох улс орнуудтай хамтран алтан гулдмайн гарал үүсэл, очих цэгийг нягтлан шалгахаар төлөвлөж байна.
Тэгвэл гурван сэжигтэнд залилан болон мөнгө угаасан хэргээр ял оноох магадлалтай байгааг албаныхан тэмдэглэж байгаа юм. Тэд энэ долоо хоногийн даваа гарагт анхны шүүх хуралдаандаа оролцсон бөгөөд нэгдүгээр сарын 12-нд батлан даалтад гарах хүсэлтээ хүлээлгэн өгөх аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.