УИХ-аас Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан. Уг хууль энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа юм.
Хууль ёсоор малчид энэ оноос татвар төлөх ёстой байсан ч өчигдөр/2020.01.04/-ийн Засгийн газрын хуралдаанаар 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл малын хөлийн татварыг 0 хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т зөвлөмж болгосон байна.
Учир нь улс орон даяар коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хумигдаж, эдийн засгийн хүндрэл үүсэж байгааг ийн харгалзжээ.
Тус хуулинд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” хэмээн хуульчилсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.