Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын танин мэдэхүйд тодорхой хэмжээнд дэмжлэг болох зорилгоор 2017 онд 1000 иргэн, ААН тус бүрээс 150 мянган төгрөгийн хандив цуглуулж байгуулагдсан “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрыг 2018 онд байгуулсан байдаг.
Өнөөдөр тус театрын үйл ажиллагаагаа ямар байгаа талаар “Монгол оркестр” ХХК-ийн захирал Н.Батсуурьтай утсаар холбогдон мэдээлэл авлаа. Тэрбээр “Манай театр байгуулагдаад ”Хичээнгүй, тусч Сүбээдэй хүү” жүжгийг Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 11 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлсэн. Өнгөрсөн жил коронавирусийн улмаас театр маань ажиллаагүй. Театрын Уран сайхны зөвлөлийн даргаар МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай ах ажилладаг бөгөөд хүүхэд, залуучуудын театрыг энэ хүнд цаг үед амьтай голтой байлгаж байна. Цар тахал дуусна. Тэр болтол театрын галыг алдуулж болохгүй хэмээн Ц.Энхманлай ах тусалж, дэмжиж байна даа” гэсэн юм.
“49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын уран сайхны зөвлөлийн дарга, МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай “Олон хүний сэтгэл, хөлс шингэж уг театр боссон. Цаг үеийн байдал хэцүү байгаа ч хувь хүнийхээ үүднээс багахан хэмжээний хөрөнгө мөнгө илүүчлэн түр зууртаа аргалаад явж байна. Хамгийн гол нь театр, урлагаар дамжуулан хүүхдүүдийг зөв хүн болгож төлөвшүүлэх. Монгол хүн байлгах. Тэр талаас нь бодлоготойгоор уран бүтээл хийж байгаа. Цаашид цаг үе сайхан болохоор үйл ажиллагаагаа сэргээгээд явуулна. Шилэн дансанд орлого, зарлагаа байршуулж, улирал улиралдаа тайлагнаад явдаг.
Театр байгуулснаар нээх ашиг олоод байгаа зүйл байхгүй. Миний ач хүүхдүүд хүмүүжил, ухамсраараа өөр түвшний хүмүүстэй амьдрах гээд байна. Үүнийг ядаж ойртуулахаар энэ театрыг ашгийн бусаар ажиллуулж байгаа юм” гэлээ.
“49 дүгээр гудамж” театр 200-250 хүний суудалтай бөгөөд урлагийн бүхий л чиглэлээр бэлтгэл хийх зориулалттай бага танхимтай ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.