“Үер” киноны Болд өвгөний дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон ардын жүжигчин Сангижавын Гэндэнг энэ удаагийн “Мартахгүй” буланд дурсахаар гэргий Б.Дашдуламтай уулзлаа.
Тэднийхийг олох гэж айл андуурч орж хөглөснөө ярьсаар ортол, Дашдулам гуай “Чи анхных нь биш ээ. Өмнө нь найруулагч Дожоодорж манай өвгөний талаар яриулж, телевизийн нэвтрүүлэгт оруулна гэдэг юм байна. Гэтэл огт танихгүй айлд ороод, тэр айлын хөгшний хамаг хувцасыг нь өмсүүлээд нэлээд ярьсан байгаа юм. Тэгснээ нэг л биш болоод явчихсан гээд бөөн инээдэм болж орж ирсэн юм” гэв. Учир нь Таван шарын арван буудал гэдэг газар 30 дугаартай байр хоёр байдаг юм байна л даа. Бид ийн инээд хөөр болон уулзаж яриагаа эхэлсэн юм. Гэхдээ Дашдулам гуайн өмнө дуу хураагч тавихаар жигтэйхэн тэвдээд, юмаа энд тэнд оруулж ярих юм. Түүнийг үгээ мартахаар нь дүү хөгшин нь сэмээрхэн шивнэх нь тэд яг л хүүхэд шиг. Харин түүнийг зөнд нь орхичихоор их яриа юм.
-Манайх гэдэг айл чинь 1951 оны үед Засгийн газрын ордны зүүн талд, тухайн үеийнхны нэрлэдгээр ухаантны шар гэдэг байшинд байсан юм. Тэнд С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Э.Оюун, Столова, зураач Л.Гаваа, М.Болд даргынх зэрэг айлууд байсан. Манайхны дунд бяруу шиг том биетэй банхар нэртэй нохой байсан. Тэр нохой бидэн дундаас Дамидаад /Хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн/ эрхлээд сүйд болдог байсан юм. Дамидаа манай хоёр өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байсан юм. Тэгээд манайд орж ирж, Гээнээгийн аав Сангижавтай ярих их дуртай. Манай хадам аав янхигар том биетэй, яриа хөөрөө сайтай, сайхан хөгшин байж билээ. Нэг өдөр Дамидааг орж иртэл, өвгөн тамхи татах гэж байгаа бололтой таазнаас унжиж байгаа гэрлийн шилэнд гаансаа тулгаад сорж байна гэнэ. “Та юу хийж байгаа юм бэ, Сангижав гуай” гэж Дамидааг асуухад, “Энэ чинь гал хайрладаг хайрхан уу, хайрладаггүй хайрхан уу” гээд зогсч байсан гээд бөөн инээдэм болсон гэдэг. Мөн нэг өдөр М.Болд сайдын эхнэр Долгор манай хадамтай таараад гэртээ урьж л дээ. Тэгээд Болд даргатай ярьж суухдаа, архиндаа халж, “Манай аав ч уудаг, би ч уудаг, манай Гэндэн ч уудаг, манайхан удмаараа уудаг” гэж ярьсан юм байх. Түүнийг нь Дамдиа тоглоом болгож, “Та хүүгээ том даргад махийтал нь матсан байна шүү дээ” гэнэ. Тэгээд хавар болохоор аав маань Арвайн тал, Ноён хайрхан уул, хэдэн малаа санаад байна гээд явсан. Тэгэхэд нэг хэсэгтээ л Дамидаа ярьж, хөөрөх хүнгүй эвгүй байна гэж байсан юм.
-Танайхаар алтан үеийн жүжигчид, зохиолчид их орж гардаг байсан уу?
-Тэгэлгүй яахав. Л.Ванган гуай, Б.Явуухулан, Ч.Лхамсүрэн гуай, Ч.Чимид, Ц.Гайтав, Ч.Ойдов гээд их олон хүн ирдэг байсан даа. Тэд манай өвгөнийг Гээнээ гэж дуудна. Л.Ванган гуай “Гээнээ чи миний жүжгээс хасахыг нь хасаад, нэмэхийг нь нэмээд өгөөч” гэнэ. Э.Оюун, Н.Цэгмид нар бас зөвлөгөө авна. Бие биедээ зөвлөж, тусалдаг, сайхан хүмүүс байсан даа. Нэг өдөр манайд хэсэг хүн ирээд ярьж байна. Тэдний дунд нэг цэцэн цэлмэг яриатай, хөдөөний бололтой, монгол дээлтэй хүн байсан. “Энэ танай нутгийн хүн үү, хэн бэ” гэтэл “Яруу найрагч Чойном, танилцаж ав. Битгий хөөгөөд явуулчихаарай, хүүхэн гуай” гэсэн. Түүнээс хойш би Р.Чойномыг мэддэг болж билээ. Яруу найрагч Ч.Лхамсүрэн гуай хүүхдүүдэд их сайн. Манайд ирэхээрээ хүүхдүүдэд чихэр эсвэл мөнгө халаасанд нь хийж өгдөг болохоор хүүхдүүд ч “Лхамсүрэн ах ирээсэй” гэдэг болчихсон. Ер нь урлагийн хүмүүс их алиа хошин яриатай. Л.Ванган, Б.Явуухулан хоёр манай өвгөнтэй бүр илүү дотно. “Манай Гээнээ болдоггүй хүн байгаа юм” гээд хоорондоо ноцолдоно.
-Гэндэн гуайг дэлгэцийн дүрээр нь мэдэх болохоос амьдрал дээр ямар хүн байсныг үзэгчид сайн мэдэхгүй. Жишээ нь хэр сайн аав байв?
-Гээнээ минь их сайхан хоол хийнэ. Тиймээс хүүхдүүд “Манай аав тогооч байсан юм уу” гэж асуудаг байж билээ. Бас хүүхдүүдтэйгээ машин болж тоглоно. Хамраар нь сигнал, гараар нь руль хийнэ. Гэдэс, хөл хоёр бол түшлэгтэй, аятайхан сандал болно. Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглож байна гээд хамаг юмаа буулгана. Хааяа нэг архи уухаараа бүх хүнд мэдэгдэж байж санаа нь амардаг сонин хүн байсан. Дарга нар дээрээ орж, бүр цаашлаад яаманд дээрээ очиж, сайд нарын өрөөгөөр орж, согтуугаа мэдэгдчихээд ирдэг байсан.
-Та хоёр театрт танилцсан хосууд уу. Театрт та ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Театрын арын албыг хашдаг байлаа. Хувцас, жижиг хэрэглэл, тайз засал, хувцасны эрхлэгч гээд хийгээгүй ажил байхгүй. Заалны зохион байгуулагч хүртэл хийж үзсэн. Зохион байгуулагч гэдэг ёстой хэцүү ажил юм билээ. Нэг удаа манай улсад Индра Ганди ирэх гээд дуурийн театрын заалыг хүнээр дүүргэ гэж надад заавар өглөө. Зун байсныг ч хэлэх үү, суух хүн олддоггүй. Гудамжинд явж байгаа хүнийг хүртэл уйлах, дуулахын хооронд гуйж үзсэн. Театрын суудал үзэгчгүй байна гэдэг жүжигчдэд ч урамгүй шүү дээ. Хэдэн сар зохион байгуулагч хийх гэж үзээд больё гээд драмын театрт жижиг хэрэглэл дээрээ ирсэн. Нээрээ драмын театр гэснээс Цэрэнсамбууд би их баярлаж явдаг юм шүү дээ. Баяр болгоноор намайг авч явж баярлуулдаг юм. Энэ бүхэн манай хөгшний л буян юм даа.
-Гэндэн гуай драмын театраас гадна орон нутгийн театрт нэлээд олон жүжиг найруулсан юм билээ. Тэр бүрт нь гэр бүлээрээ хөдөө явдаг байсан юм уу?
-Удаан хугацаагаар бол гэр бүлтэйгээ явдаг байсан. Увсад лав сар гаруй болсон юм. Бас Дорнод байна. Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Булган, Баян-Өлгийд бол богино хугацаагаар явж, жүжиг найруулж байсан. Тэр байтугай Хятадад очиж жүжиг найруулж байсан шүү дээ. Бээжингийн Мяа-Лан-Пан театрт “Учиртай гурван толгой” дуурийг тавьсан юм. Тэгэхэд хятад жүжигчид монгол дээл, бүс бүсэлж чадахгүй болохоор манай өвгөн бүсэлж өгдөг байсан гэдэг. Тэр үед би гэдэг хүн ой өнгөрсөн сайхан хүүгээ алдсан даа. Муу хөгшин минь ямар их харуусал, гунигтай байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болдог. Хүүдээ янз бүрийн хувцас, тоглоом авч ирсэн нь бүр хэцүү байж билээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байгаа юу?
-Гурван хүүтэй. Одоо нэг нь гадаадад амьдарч байгаа. Нэг охин бид хоёртой хамт амьдардаг. Урлагийн мэргэжлээр нэг нь сурч байгаад орхичихсон юм.
-Гэндэн гуайн бүтээсэн дүрүүдээс Болд өвгөнөөр нь монголчууд илүүтэй мэддэг. Харин өөрөө аль дүрдээ дуртай байсан бол?
-Болд өвгөндөө дуртай байсан. Бас “Далайд дусал нэмэр” киноны гярхай Будынхаа дүрийг их ярьдаг байсан юм. Нээрээ гярхай Будын зурагтай ном байх ёстой.
Ингээд тэрээр зураг хайх ажилдаа гарав. Ер нь яриа эхлэхээс өмнө “Сонинд зургийг нь тавих хэрэгтэй ” гэснээс эхлээд тэрээр Гэндэн гуайн зургийг хайж эхэлсэн л дээ. Нэг хэсэг овоо тогтвортой сууж ярьж байснаа гярхай Будаас болж, нөгөө зураг хайх ажлаа санав бололтой. Гэрийг нь бараг орвонгоор нь эргэтэл хоёр хөгшнөөр зураг хайлгасны эцэст хүссэн зургаа олж эс чадав.
Пектрол Гэндэн
Арвайхээр нутгийнхан нь түүнийг ингэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр хуучнаар эгшигт хайрцаг буюу пянзанд бичигдсэн ахмад дуучдын дууг яг адилхан дагаж дуулдаг байсан учраас пектрол Гэндэн гэдэг нэрийг авсан аж. Ер нь урлагийн замд орсон нь ч дуулдаг байснаас эхтэй гэхэд болно. 1934 онд Улаанбаатарт Үлгэр жишээ сургуульд сурч байхад нь Улсын төв театраас хүмүүс ирж, шалгаад дуучнаар авч байсан аж. Дашрамд сонирхуулахад, тэрээр “Сүхбаатар” киноны Гомбын дуулдаг “Тохой зандан модондоо бөмбөр минь ээ хө. Толгойн сүүдэр дайрна даа” гэдэг дууг дуулжээ.
Дайрдаг Гэндэн
Тухайн үеийн драмын театрынхан найруулагчдаа “Дайрдаг Гэндэн, бодуулдаг Ванган, уйлдаг Оюун, нухдаг Цэгмид” гэж хочилдог байсан гэдэг. Гэндэн гуайг тэгж нэрлэсэн нь үзэл бодол дээрээ бат зогсчихдог хүн байж л дээ. Ер нь түүнийг монголчууд дэлгэцийн дүрээр нь илүүтэй мэдэх ч найруулагчийнхаа мэргэжлээр Монголын урлагт түүхэн гавьяа байгуулсан хүн юм билээ. Тухайлбал,тэрээр тухайн үеийн Хөгжимт драмын театр буюу өнөөгийн Улсын драмын театрт 17 жүжиг, Хүүхэд залуучуудын театрт найм, орон нутгийн театруудад 12 жүжиг найруулан тавьсны дотор дэлхийн сонгодог жүжгүүдийн оргил болох Шекспирийн “Отелло”, “Ромео Жульетта”-г театрын тайзнаа анх найруулж тавьж байжээ. Мөн Л.Ванганы “Сэрэлт”, Ч.Лодойдамбын “Ховдгийн гай” уран сайхны киног найруулж байсан юм билээ. Харин драмын 16 жүжигт , уран сайхны 22 кинонд тоглосон байна. Тэрээр ном ч бичсэн байх юм. “Л.Вангантай танилцсан минь” гэдэг ном өнөөг хүртэл мэргэжлийн залуу уран бүтээлчдийн гарын авлага болдог юм билээ. Урлагт хийсэн энэ бүх гавьяаг нь төр үнэлж, 1971 онд гавьяат жүжигчин, 1980 онд ардын жүжигчин цол олгожээ.
Нөхөд дундаа Гээнээ, нутгийнхан дотроо пектрол, мэргэжил нэгтнүүд дундаа дайрдаг Гэндэн хэмээх энэхүү эрхэм хүний урлагт бүтээсэн гавьяа, сэтгэлд мөнхөлсөн дүрийг нь бид мартахын аргагүй.
2010 он
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.