Австралийн тоног төхөөрөмжийн Boating Camping Fishing дэлгүүрийн зар сурталчилгаан дээр нэгэн эрэгтэй сарьсан багваахайгаар хачирласан сэндвич идэж байгааг харуулжээ. YouTube сувагт 250,000 гаруй үзэлттэй уг бичлэгийг Австралийн зар сурталчилгааны стандартын газраас мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Уг сурталчилгаан дээр сарьсан багваахай идсэнээс болоод хэн нэгэн цар тахал тусч байгаа явдлыг шоолж дүрсэлсэн байна. Ковид-19 цар тахлын вирусийг БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотын амьд амьтны зах дээрээс үүсэлтэй гэх хардлага сэрдлэг газар аваад байсан юм.
Уг сурталчилгаа цацагдсаны дараа Австралийн зар сурталчилгааны стандартын газарт BCF компанийн зуны борлуулалтын сурталчилгааны талаар олон тооны гомдол ирэх болжээ. Харин уг сурталчилгааг хийсэн компани цар тахлын үед гэртээ байгаа иргэдийг арын хашаагаа ашиглан цагийг бүтээлч өнгөрөөхийг уриалахыг хүссэн хэмээн тайвбарлажээ.
BCF компанийн гаргасан зар сурталчилгаа анх удаа мөрдөн шалгагдаж буй явдал биш ажээ. 2016, 2018 онуудад ч мөн тус компанийн хийсэн зар сурталчилгааг шүүмжлэн, шалгаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.