Саудын Араб, Катар улсууд 2017 оноос хойш гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн дипломат зөрчил маргаанаа намжааж агаарын болон хуурай газрын, усан хилээ нээхээр болсныг Кувейтын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.
Хоёр улс хилээ нээхээр болсон нь олон жил үргэлжилсэн маргааныг дуусгавар болгох эхний алхам гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Кувейт улс Арабын дөрвөн улс болон Катарын хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.
2017 оноос хойш улс төрийн зөрчил маргаанаас үүдэж Рияд болоод түүний холбоотнууд Катар улсын эсрэг бойкот зарлаад байсан юм. Тэгвэл харилцаа эргэн сайжирч байгаагийн илрэл болгож даваа гарагийн оройноос Саудын Араб Катар улсын хилийг нээхээр болсон тухай Кувейтын төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар дамжуулжээ.
Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Катар улс ч мөн хариуд нь Рияд болон холбоотнуудынх нь эсрэг үүсгэсэн заргаа эргүүлэн татах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Талууд мягмар гарагт бусад олон талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулан гарын үсэг зурах юм байна.
Мягмар гарагт Саудын хаан Салманы даргалан, Аль-Ула цөлийн хотод болох Арабын булангийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Катарын эмир Шейх Тамим бин Хамад аль Тани оролцохоор болжээ.
Саудын Араб, Египет, Арабын нэгдсэн Эмирт, Бахрейн зэрэг улсууд Катарыг Исламын хэт даврагсдын бүлгүүдийг дэмжсэн, Ирантай дотно харилцаа холбоо тогтоосон хэмээн буруутгаж хуурай газрын ихэнх хилийг хаасан байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.