ХБНГУ-ын эрх баригчид коронавирусийн хөл хориог дор хаяж гурван долоо хоногоор сунгах төлөвтэй байгаа тул тус улсын Социал демократ нам хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төвд өгөх шаардлагатай эцэг эхчүүдэд цалинтай амралт өгөхийг шаарджээ.
Тус намын эрх баригчид сургуулиуд нь цар тахлын халдварын голомт болох өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ларс Клингбэйл энэ талаар "Нэгдүгээр ангиас зургадугаар анги хүртэл, мөн төгсөх ангийн сурагчдад танхимын хичээл орох боломжтой эсэхийг тодорхой болгох хэрэгтэй" хэмээн онцолсон байна.
Германд зул сарын баярын амралтын дараагаар сургууль, цэцэрлэгүүд хаалттай хэвээр байгаа. Өнгөрсөн ням гарагт тус улсад коронавирусийн халдварын 10,315 шинэ тохиолдол бүртгэгдэн, 312 хүн нас барсан байна.
Холбооны Боловсролын сайд Аня Карличек сургуулийн бүх сурагч танхимын хичээлд эргэж орох магадлал багатай гэж үзэж байгаа бөгөөд тус улсад халдварын тархалт түгшүүртэй хэвээр байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр "Сургуулийн бүх ангид танхимын хичээл орно гэдэг одоогоор төсөөлөх боломжгүй зүйл. Хэрэв зарим ангид танхимын хичээл орж эхэлсэн ч амны хаалтыг байнга зүүх зэрэг эрүүл ахуйн дүрэм журмыг ягштал мөрдөж байж хийгдэх болно" гэжээ.
Тэгвэл Германы канцлер Ангела Меркель ирэх мягмар гарагт тус улсын мужуудын тэргүүнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийн, хөл хорионы нөхцөл байдлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцах юм.
Эх сурвалж: Deutsche Welle