Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн есөн дүүргийн 29 газарт иргэдээс коронавирусийн илрүүлэх шинжилгээ авч байгаа юм.
Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Энд дарж шинжилгээ өгөх төвүүдтэй танилцана уу.
Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүрэгт байрлах 3 дугаар сургуулийн шинжилгээ өгөх цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Тус цэгт 12:00 цагийн байдлаар 200 гаруй хүн шинжилгээ өгөөд байгаа гэнэ.
Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн лабораторийн чанарын менежер н.Ариунаа: Хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй болон Баянзүрх дүүргийн харьяалалтай иргэд шинжилгээ өгөхөөр ирж байна. Өмнөх өдрүүдэд дунджаар 200 гаруй хүн ирж шинжилгээ өгдөг байсан бол өнөөдөр ачаалал их байна. Сүхбаатар дүүргийн хувьд 58, 31 дүгээр сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. 3 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн хувьд 11 дүгээр сараас хойш 12700 PCR, 3700 хүнээс түргэвчилсэн шинжилгээ аваад байна.
Шинжилгээ өгөхөөр ирж байгаа иргэд заавал иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Учир нь таны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, бүртгэлжүүлэх юм.
Иргэний үнэмлэхгүй ирсэн иргэдийн регистрийн дугаарыг гараар шивэх тохиолдол гарч байгаагаас үүдэн цаг хугацааны хувьд удах тал байна. Иргэдийн шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч байгаа бөгөөд хариуг нь мессежээр өгч байгаа. Түүнчлэн шинжилгээ өгөх иргэдийн тоо их байгаа учраас гадаа дугаарлаж зогсож байгаа тул дулаан хувцаслахыг зөвлөж байна.
Шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд: Хөдөө явах гээд сайн дураараа шинжилгээ өгч байна. 12 дугаар сарын 10-нд хөдөөнөөс ирээд гэрээсээ гараагүй. Хөл хорио сунгавал хэцүү байна. Ажил зогсвол гэр бүлийн амьдрал хэцүү байдалд орно. Төр засгаас цахилгаан, дулаан тэглэж байгаа ч хоолны мөнгөө ажил хийж олно шүү дээ.
Гадаа хоёр цаг дугаарлаж, шинжилгээ өгөхөөр орж ирээд байна. Халдвар илэрч байгаа тоог харахаар сунгах хэрэгтэй. Гэхдээ ард иргэдийн амьдралыг, эдийн засгаа бодохоор хэцүү байгаа тул хөл хориог сунгах нь дэмий юм шиг харагдаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.