2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо.
Үүний 19 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр иргэний гурав дахь давтан шинжилгээгээр болон Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.
Улаанбаатар хотод шинээр бүртгэсэн 19 тохиолдлууд нь ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, "Мөнххада" ХХК-иас батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэсэн 23 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 795 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудаас 878 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хотоос бусад аймгуудад халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт халдвар дахин илрээгүй бол халдварыг хумисан гэж үздэг бөгөөд нийт голомт бүртгэгдээд байсан зургаан аймгаас хоёроос бусад нь голомтыг хумисан гэж үзэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.