АНУ-ын Арканзас мужийн хорт хавдрын эмч Омар Атик 200 өвчтөнийхөө эмчилгээний зардлын өрийг тэглэж, тэдэнд шинэ жилийн баярын бэлэг барьжээ.
Атик 30 шахам жилийн турш хорт хавдрын клиник ажиллуулсныхаа дараа эмнэлгээ хаах болсон байна. Энэ явцын хүрээнд тэрээр асар их хэмжээний төлбөрийн өрөө авах шаардлагатай болжээ. Ингээд Атик уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төлбөр тооцооны компанитайгаа хэдэн сарын турш хамтран ажилласан хэдий ч эцэст нь тэрээр энэ тийм ч зайлшгүй шаардлагатай зүйл биш гэж шийдсэн байна.
"Хэсэг хугацааны дараа би зүгээр л төлбөрөө төлөх чадваргүй хүмүүс байгаа гэдгийг ухаарсан. Тиймээс эхнэр бид хоёр энэ талаар бодоод, бүх өрийг өршөөхөөр шийдсэн" гэж Омар Атик "Good Morning America" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Ийнхүү түүний 200 орчим өвчтөн клиник хаагдаж байгаа тухай мэдэгдэл хүлээн авахын зэрэгцээ бүх өр төлбөрийг нь тэглэсэн болохыг мэдсэн аж. Атикийн авахгүй байхаар шийдсэн нийт өрийн хэмжээ 650 мянган ам.доллар давсан байна.
Тэрээр энэ талаар "Би олон жилийн турш эмчилгээний зардлаа төлөхийн тулд юу ч үгүй үлдэж, дампуурсан өвчтөнүүдийг харсан. Энэ бол олон талаараа туйлын шударга бус нөхцөл байдал. Миний үйлдэл тэдний нөхцөл байдлыг жаахан ч болтугай хялбар болгосон гэж найдаж байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.