АНУ-ын ток шоуны алдарт хөтлөгч Ларри Кинг коронавирусээр өвчлөн, Лос Анжелесийн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
"Ларри сүүлийн хэдэн жилийн хугацаанд эрүүл мэндийн олон асуудалтай тэмцсээр ирсэн. Тэрээр энэ удаагийн асуудалтай ч мөн хатуу тэмцэж байгаа" хэмээн түүний гэр бүлийн ойрын эх сурвалж ярьжээ. Өдгөө 87 настай Кинг долоо хоногийн турш эмнэлэгт тусгаарлагдаад байгаа гэж "CNN" агентлаг мэдээлсэн юм.
Тэрээр 2017 онд уушгины хорт хавдраас бүрэн эдгэрсэн гэдгээ илчилж байсан бол удалгүй 2019 онд тархиндаа цус харваж байсан. Харин 1987 онд тэрээр зүрхний шигдээс болсон хэдий ч азаар амьд үлдсэн гэдэг.
Анх Майамигийн нэгэн радиод гараагаа эхэлж байсан Кинг хамгийн өндөр үнэлгээтэй бөгөөд хамгийн өндөр төлбөртэй кабелийн мэдээний хөтлөгч болж чадсан юм. 60 жилийн турш үргэлжилсэн карьерынхаа туршид Кинг олон тооны алдартан, улс төрийн удирдагчтай ярилцлага хийсэн бөгөөд тэдний дунд Нельсон Мандела, Ясир Арафат болон Никсоноос Трамп хүртэл АНУ-ын бүх Ерөнхийлөгч багтжээ.
Харамсалтай нь Ларри Кингийн хувьд 2020 он хүндхэн жил болж өнгөрчээ. Түүний хүү Энди өнгөрсөн оны долдугаар сард зүрхний шигдээсээр, харин охин Чайя нь наймдугаар сард уушгины хорт хавдраар нас барсан байна.
Эх сурвалж: The Guardian