ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 5,807 хүнд шинжилгээ хийснээс 21 хүнээс коронавирус илэрсэн.
Эдгээр 21 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээнээс илэрсэн юм.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,263 болсон бол сүүлийн 24 цагт 14 хүн эмчлэгдэн, эмнэлгээс гарсан. Одоогоор 384 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн 269, хүндэвтэр 104, хүнд 9, маш хүнд 2 хүн байна.
Баянзүрх дүүрэгт гарсан маш том голомтын үргэлжлэх хугацаа дуусаагүй байна. Голомтын хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй байна. Одоогоор 400 гаруй хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Харин 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан, ажиглалт тандалтад авсан байгаа. Мөн 2,000 гаруй хоёрдогч хавьтал байна.
Өнөөдрөөс эхлээд нийслэл хотод шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны цэгүүдэд коронавирусийн халдварын шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж, идэвхтэй харуулдан тандалтын үйл ажиллагааг эхэлсэн" гэв.