2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, шийдвэрүүдээс онцлон танилцуулж байна.
Жил бүрийн энэ өдрөөс тухайн жилийн Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлдэгч энэ жилийн хувьд онцлогтой. Учир нь, 2021 оны улсын төсөв бол 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан анхны төсөв. Төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлага болон алдагдлын хэмжээг УИХ өөрчлөхгүйгээр батлах зохицуулалыг Үндсэн хуульд оруулсан юм. Үүний дагуу УИХ 2021 оны төсвийг баталсан. 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797,8 тэрбум, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг байна гэж тооцсон. Гэхдээ цар тахлаас шалтгаалан 2021 оны төсвийг тодотгох нь тодорхой болоод байгаа юм. Бүр батлахдаа л тодотгоно гэдэгт УИХ, Засгийн газар байр сууриа нэгтгэсэн байлаа. Харин хэзээ тодотгох вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. УИХ-ын зарим гишүүд ойрын хугацаанд тодотгох нь зөв гэж үзэж байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын төлөөлөл ямар хэмжээнд байхыг бүрэн харж байж тодотгоно” гэсэн байр суурьтай байгаа юм.
УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор ИТХ-ууд орон нутгийнхаа онцлогт тохируулан тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох эрхтэй байх зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд нийцүүлсэн Татварын тухай хуулийн зарим заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Татварын тухай хуулийн “Татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”, “Заасан татварын хувь, хэмжээг УИХ-аас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ тогтоож болно” гэсэн заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон дээрх зохицуулалтын дагуу Засгийн газар 2021 оны төсвийн төсөлтэйгөө хамт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм.
УИХ уг хуулийн төслийг дэмжин баталсан бөгөөд ИТХ-ууд жилд нэг малаас 2000 хүртэлх төгрөгийг татвар авах зохицуулалт бүхий хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Үүний дагуу ИТХ-ууд 2021 оны төсвөө батлахдаа малын хөлийн татвараас хэдэн төгрөг төвлөрүүлэхээ тооцсон байх учиртай. Малын хөлийн татварын орлого нь Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх бөгөөд юунд зарцуулахыг нь иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.
Ийнхүү малын хөлийн татвар авдаг болсонтой холбоотойгоор мал тооллогыг хариуцлагатай хийх шаардлага үүсч байна. Учир нь, малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог нэмж тоолуулдаг байсан бол одоо малынхаа тоог дарж татвараас зугтах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд манай улсын мал сүргийн тоо 70.9 саяд хүрсэн. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн доройтол улам нэмэгдэж байгаа. Тиймээс УИХ малын хөлийн татвараа бэлчээр нөхөн сэргээх, худаг усаа сайжруулах зэрэгт зарцуулна гэж тооцсон юм.
“Байнга төр засгийн “гар”-ыг харж суудаг, ноос, ноолуурандаа урамшуулал авдаг хэрнээ ямар ч татвар төлдөггүй” хэмээн хот суурин газрын иргэдэд шүүмжлүүлсээр ирсэн малчид татвар төлж эхлэх нь 2021 оны онцлох үйл явдлын нэг юм.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөг хэмнэгдэнэ.
Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж.
КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөжээ.
НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22%-аар төлөхөөр байв.
Харин Засгийн газрын шийдвэрээр ирэх оны эхний хагас жилд НДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлнө.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдэв.
Өөрөөр хэлбэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй болсон.
Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.
2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм.
Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулснаар, уг хууль ирэх оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ.
Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. Мөн АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.
Мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлд “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж тусгасан байдаг.
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ.
Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.
Засгийн газрын хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн.
Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.
2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.
2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.