АНУ-ын Gallup дүн шинжилгээний байгууллагын явуулсан санал хураалтаар 2020 оны хамгийн бишрэм эрэгтэйгээр Ерөнхийлөгч Дональд Трамп, бишрэм эмэгтэйгээр тэргүүн хатагтай асан Мишель Обама нарыг иргэд сонгожээ.
Трамп уг жагсаалтыг анх удаа тэргүүлж байна. Өнгөрсөн 12 жилийн турш Gallup-ын санал хураалтыг Ерөнхийлөгч асан Барак Обама дараалан тэргүүлжээ. Харин түүний эхнэр Мишель Обама гурав дахь жилдээ жагсаалтыг тэргүүлсэн байна.
Хэдийгээр Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй заавар зөвлөгөө нь шүүмжлэлд өртөж, итгэл үзүүлэх эсэхийг шийдэх асуулгад орсон ч иргэдийн 39 хувь нь түүнийг дэмжжээ. Харин Барак Обама энэ жил 15 хувийн саналаар хоёрдугаарт орсон бол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден 6 хувийн саналаар гуравдугаарт орсон байна. Мөн Америкийн халдварт өвчинтэй тэмцэх мэргэжилтэн доктор Энтони Фаучи Байдентай ижил санал авчээ. Ромын пап Францис дөрөвдүгээрт, сенатч Бэрни Сандерс, тэрбумтан Билл Гэйтс нар удаалсан байна.
Эмэгтэйчүүдийн санал асуулгад Мишель Обама 10 хувийн саналаар тэргүүлсэн бол дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис 6 хувийн саналаар хоёрдугаарт бичигджээ. Одоогийн тэргүүн хатагтай Меланиа Трамп 4 хувийн саналаар жагсаалтын гуравдугаарт орсон байна. Мөн сонгогчид хамгийн бишрэм эмэгтэйчүүдийн жагсаалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Нью-Йоркийн Ардчилсан намын төлөөлөгч Александриа Окасио Кортез, Германы канцлер Ангела Меркель, Их Британийн хатан хаан Элизабат нарыг сонгожээ.
Gallup санал хураалтыг явуулахдаа энэ сарын 1-17-ны өдрүүдэд мянга гаруй хүнээс утсаар дуудлага авч тодруулсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.