Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар цар тахалтай холбоотой ямар шийдвэр гарсан талаар Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар мэдээлэл хийлээ.
Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар:
-Хилийн боомтууд болон 21 аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны III сарыг дуустал сунгах УОК-ын хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Хилийн боомтуудаар ачаа тээвэр, тусгай үүргийн нислэгийг нэвтрүүлнэ.
Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог сунгах эсэхийг одоо хэлэх боломжгүй. Халдварыг хумиж чадвал үйлдвэрлэл үйлчилгээг нээнэ. Хэрэв хумиж чадахгүй бол хөл хорио дахин тавихаас өөр аргагүй. Дэлхийн бүх улс орон хөл хорио тавьж байгаа. Энэ бол вакцин гарах хүртэлх хамгийн сайн арга хэмжээ гэдэг нь батлагдсан.
-Ажиллах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилтнууд QR авч чадахгүй байгааг хэзээ шийдвэрлэх вэ?
-Энгийн үед өдөрт 460 000 автомашин хөдөлгөөнд оролцдог байсан. Үүнийг 10 хувиас нь хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Гэвч ЭМЯ-ны хөдөлгөөнийг багасга гэдэг шаардлагад нийцэж чадахгүй байгаа. Иймд ард иргэд ажлаа хий гэж өгсөн кодоор ажлаа л хиймээр байна. Бусдад шилжүүлэх, чөлөөтэй зорчмооргүй байна. Нийтийн тээврийн хувьд хуваарийн дагуу ажиллаж байгаа. Өглөөдөө 800-900 автобус үйлчилгээнд гардаг. Харин нэг автобусанд 20-оос илүү зорчигч тээвэрлэхгүй байх шаардлага тавьж байгаа.
-Халдвар тархаагүй бүс нутгийн сургууль, цэцэрлэгийг нээж болохгүй юу?
-Одоогоор сурагчдын амралт эхлээд байна. Хоёрдугаар сарын 1-нээс танхимын болон цахимыг хослуулж явах төлөвлөгөө гарсан. Цар тахлын байр байдлаас шийдвэр өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.
Бригадын генерал Г.Ариунбуян:
-Халдвар тархаагүй аймгуудын ард иргэд хэвийн байдалдаа шилжих боломж бүрдэж байна. Халдвар тархсан аймаг, сумдын ард иргэд шинжилгээ өгч, харин эрүүл бүсийн иргэд асуумж бөглөж зорчино.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнуудад 4-5 сая төгрөг олгож байгаа. Өмнө нь хүн бүрт таван сая төгрөгийн тэтгэлэг өгсөн. Ингээд нийтдээ нэг хүн арав орчим сая төгрөг олгоод байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 14 000 ажилтанд нийтдээ 8,8 тэрбум төгрөг олгосон. ШӨХТГ-ын ажилтнуудад илүү цагийн мөнгө олгосон.
-Коронавирусийн халдвараар хүн нас барсныг яагаад нуусан бэ?
-Халдвар авсан нь тухайн үед тогтоогдоогүй байсан учир оршуулгын үйл ажиллагаа явагдсан. ХСҮТ дээр халдвар илэрсэн учир оршуулгад оролцсон хүмүүсийг шинжилж үзэхэд талийгаач болон гэр бүл, ойр дотны хүмүүс халдвартай нь тогтоогдсон. Буяны арга хэмжээнд оролцсон бусад хүнээс илрээгүй.
-ХСҮТ-д хөл хоригдсон хүмүүсийг яагаад гаргахгүй байгаа юм бэ. Удаавал халдвар авах эрсдэлтэй биш үү?
-ХСҮТ-д халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Харин үйлчлүүлж буй хүмүүсээс авсан хоёр дахь шинжилгээний хариу өнөөдөр гарсан. Гурав дахь шинжилгээний хариунаас шалтгаалж шийдвэр гарна.