СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-31

Монголын улсад 2020 онд өрнөсөн онцлох үйл явдлууд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

LIVETV.MN сайт Монгол оронд 2020 онд өрнөсөн халуун үйл явдлуудыг нэрлэж байна. Эхний сэдэв бол яах аргагүй 2020 онд болсон УИХ болон орон нутгийн сонгууль тойрсон үйл явц байлаа.

ШИНЭ ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХИЙГЭЭД УЛС ТӨРИЙН 14 ХОРИГДОЛ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр МАН болон АН-аас нэр дэвшигчдийг бөөнөөр нь хомроглон баривчилсан нь энэ он хийгээд ардчилсан нийгэмтэй Монгол Улсын үе үеийн түүхэнд үүрд хар толбо болон үлдлээ.

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай болохыг харуулсан жишээ болж түүхэнд үлдэх нэрс нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат юм.

Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн С.Баяр, С.Баярцогт нарыг яллагдагчаар татсан ч  эцэст нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган ял оноосон байдаг. С.Баярцогтын өмгөөлөгчийн хэлснээр “Оюутолгойн хэргээр дуудаад орон байрны хэргээр яллав” гэсэн дүгнэлт энэ бүх “маапаан”-ыг тодорхой харуулна. Бас нэгэн жишээ нь Ерөнхий сайд асан М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татаж, эцэстээ авто машины хэрэгт буруутган ял оноосон билээ.

ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ШОРОНГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН

Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, төрийн дээгүүр алхсан шийдвэрийг анх удаа хууль, шүүхийн байгууллага гаргасан үйл явдал яах аргагүй 2020 оны онцлох үйл явдлын нэг мөн. 

. Жишээ нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны ид үеэр шүүгчийн захирамжаар баривчилж хорьсон. Ингэхдээ гурван ч хуулийг зөрчин /УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан,  Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, анх удаа өмгөөлөгчгүйгээр шүүсэн/ баривчилсан болох талаар Монголын толгой хуульчид бүгд шахуу байр сууриа илэрхийлэн, шийдвэр гаргасан шүүгч болон шүүхийн байгууллагынханд удаа дараа сануулсан боловч “нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргав”.

Үндсэн хуулийн энэхүү ноцтой зөрчил Ж.Эрдэнэбатаар эхэлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор аваад байсан С.Баярцогт, Н.Номтойбаяр, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг ч мөн СЕХ-ны зөвшөөрөлгүй баривчилсан юм. 

Мөн “өмгөөлөгчгүйгээр шүүж болохгүй” гэх дэлхий нийтийн зарчмыг Монголын шүүх анх удаа зөрчиж Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг өмгөөлөгчгүйгээр шүүн тасалж, хэрэг тохсон нь өнөөдөр Олон Улсын өмнө Монголд хүний эрх “ноцтойгоор зөрчигдөж” байна гэж үзэхэд хүргэсэн. Үүний тод жишээ нь 2020.10.31-ны өдөр ОУПХ /Олон Улсын Парламентын холбоо/ Монгол Улсад MNG-08 тоот хэрэг үүсгэж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхэд халдаж, хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан байж болзошгүй хэмээн “цоллож”, манай улсад шалгалт хийхээ мэдэгдээд байна.

Хэдийгээр шүүхээс Үндсэн хууль зөрчин байж 461-р ангид зургаан нэр дэвшигчийг хорьж, сонгогдох эрхийг нь хүчээр хязгаарласан ч 13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат ганцаараа тасархай ялалт байгуулж, дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Гэвч Сэлэнгийн 23 000 сонгогчийн саналыг уландаа гишгэсэн шүүхийн байгууллагын шийдвэр одоог хүртэл “цуцлагдаагүй” хэвээр байна.

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХАМГИЙН ХАМГИЙН...

Өмнөх жилүүдийн түүхийг сөхвөл МАН ялсан 4 жилийн дараа АН олон болж, дараагийн 4 жилд энэ байр суурь ээлжлэн солигдож ирсэн түүхтэй.

Монголын улс төрд анх удаа шинэ гуравдагч хүчин төрөн гарч ирж буйг 2020 оны сонгуулийн үр дүн харуулав. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд МАН, АН эрх баригч хүчнээр ээлжлэн тодорч байсан ч 76 суудлын 3-5-д нь гуравдагч хүчинд буюу ИЗНН, МАХН, БНН, Эх орон намын нэр дэвшигчдэд Монголын ард түмэнд саналаа өгч ирсэн. Харин энэ удаад Зөв хүн электорат эвслэлд буюу ХҮНамын нэрээр өрсөлдсөн Т.Доржханд ялалт байгуулж шинэ гуравдагч хүчнийг Монголын парламентэд бичиглүүлэв. Шинэ гуравдагч хүчин Монголын улс төрд ойрын жилүүдэд хүчтэй гарч ирэхийг 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүн харуулж тус намаас 3 нэр дэвшигч ялалт байгуулсан билээ.

Түүх сөхвөл:

1992 онд 293 нэр дэвшигч

1996 онд 302 нэр дэвшигч

2000 онд 602 нэр дэвшигч

2004 онд 244 нэр дэвшигч

2008 онд 356 нэр дэвшигч

2012 он 544 нэр дэвшигч

2016 онд 498 нэр дэвшигч

2020 онд 606 нэр дэвшигч өрсөлджээ.

Мөн юм. Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл /С.Ганбаатар/, Зөв хүн электорат /Т.Доржханд/ эвслээс нэг хүн сонгогдсон юм. 

2020 оны УИХ-ын сонгуульд сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн олон сонгогч саналаа өгсөн. Хэдийгээр улс орон даяар цар тахал дэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч нийт сонгогчдын 73.6 хувь нь буюу 1.475,780 иргэн саналаа өгчээ.

Түүхэндээ анх удаа хамгийн олон шинэ нэр дэвшигч ялалт байгуулав. Найм дахь удаагийн парламентын 76 гишүүний 38 нь анх удаа сонгогдсон Тэдний 13 нь эмэгтэй, 63 нь эрэгтэй, хамгийн залуу нь 33 настай бол хамгийн ахмад нь 66 настай.

КОРОНАВИРУСИЙГ ДОТООДДОО АЛДААГҮЙ ЦОР ГАНЦ УЛС БОЛОХ ШАХАВ

БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдэж, дэлхийн улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн даруйд хамгийн хурдан шуурхай арга хэмжээг авч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн анхны улсуудын нэг нь Монгол Улс байв.

Засгийн газраас шуурхай, цаг үеэ олсон арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд дэлхийн нийтийг айдас хүйдэст автуулсан уг өвчнийг дотооддоо алдаагүй монголчууд хөл хөсөр, гар газар амар жимэр амьдарцгаах болсон юм.

Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хайхрамжгүй, хэнэггүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас уг цар тахлыг дотооддоо алдаж, өдгөө 1195 хүн уг халдварыг аваад байна.

Цар тахал дотоодод алдсан даруйд УОК болон НОК-ынхон учир дутагдалтай, эргэж буцсан олон шийдвэрүүдийг ар араас нь гаргаж, ард иргэдээ нэлээдгүй чирэгдүүлэв.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд шат дараатайгаар хэрэгжүүлж, онц байдлын үед хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө ч гаргаж чадаагүй байсан нь өнгөрсөн хугацаанд илэрч иргэдийн шүүмжлэлийн бай болов.

Гэвч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдынхаа хүчин зүтгэлээр уг өвчнөөр нэг ч хүнээ алдаагүйн зэрэгцээ халдварын голомтыг тогтоон барих чиглэлээр ихээхэн амжилт олоод байна.

Монголын ард иргэд, төр, хувийн хэвшил харилцан уялдаатай, хамтын хүчээр хичээн ажиллаж чадвал энэхүү цар тахлын ард тун богино хугацаанд, хор хохирол багатайгаар гарч чадах нь үнэн юм.

ЦААСАНД ДУРТАЙ ТӨРИЙГ ЦАХИМ БОЛГОЖ ӨӨРЧЛӨВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн ихэнх үйлчилгээг аравдугаар сараас эхлэн цахим болгоно гэсэн үүрэг амлалтдаа хүрч “E-Mongolia” платформыг ашиглалтад оруулж чадав.

Ирэх онд энэхүү үйлчилгээний цар хүрээг улам өргөтгөж 492 үйлчилгээг “E-Mongolia” платформд нэгтгэснээр иргэд төрийн алба хаагчдын ярвагар, ихэмсэг занг царай алдаж, тэдний үүдийг сахин өнждөг явдал эрс багасах юм.

Татварын үйлчилгээг бүрэн цахим болгосноос үүдэлтэйгээр иргэд аж ахуйн нэгжүүд 13 тэрбум төгрөгийн цаасны зардлаа хэмнэж чадсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.