Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ (2020.12.30, 11:00 цагийн байдлаар)
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд холбогдох лабораториудад 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн ба 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой халдвартайгаар бүртгэгдсэн байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдол 397 болж байна.
Бусад 18 тохиолдол нь үүсээд байгаа голомттой холбоотойгоор хавьтлуудаас илэрсэн. Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, 5 эрүүл мэндийн ажилтнаас халдвар илэрлээ. Тус голомтод хамааралтай халдварын тохиолдол нийт 244 болсон.
Өчигдөр тус голомтын хамааралтай буюу Тэнүүн-Огоо гэдэг компанийн ажилтан, автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тухайн компанийн ажилтан 10-аад жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарлаад байгаа. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрлээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,195 болсон бол үүнээс 824 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 361 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96, хөнгөн 257 байгаа юм.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.