Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт гурван хүн уг халдварт өртсөнг илрүүлэн онош баталгаажууллаа. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомтыг хаагаад байна.
Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрсэн иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.
Тус аймгийн хувьд нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Бид кластер голомт орон нутагт гарахад хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийн дагуу Архангай аймгийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хурдтай, оновчтой хамтран ажилласны дүнд голомтыг хязгаарласан. Ойрын хавьтлыг яаралтай илрүүлэх, шинжлэх зорилгоор Ковид-19 халдварын 14 мянган ширхэг түргэвчилсэн Ag тест, мөн ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээний явуулын авто-лабораторийг 24 цагийн дотор голомтод илгээн лабораторийн нэг эмч, нэг генетикч, жолоочийн хамт 10 хоног томилон ажиллууллаа.
ЭМЯ-аас нийт 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах өмсгөл, эмнэлгийн хэрэгслийн хангалт, голомтод ажилласан эмнэлгийн мэргэжилтний урамшуулалд 16 сая, илүү цагийн хөлс 44 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Genе-Expert аппаратаар Ковид-19-г тодорхойлж байгаа бөгөөд шаардлагатай урвалж, картридж зэргээр хангаад байна. Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний буюу молекул биологийн шинжилгээ хийх лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэлээ.
Халдварын батлагдсан тохиолдолын голомтыг өргөтгөн Батцэнгэл сумын хүн амын дунд халдварын тархалтыг тогтоох зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” идэвхитэй илрүүлэг 2020 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 10 лаборант, лабораторийн эмч ажилласан. ЭМЯ-аас ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийг Батцэнгэл суманд ажиллуулан, нийт 3148 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас эерэг гарсан тохиолдол байхгүй байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.