12-р сарын 11-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд натрийн цианидыг 813 м2 талбайд алдсан. Уг асуудлыг өнөөдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөр авч хэлэлцээд натрийн цианид ашиглах зөвшөөрлийг нь түдгэлзүүллээ.
БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл:
“Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг,даалгаврыг ягштал биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” гэжээ.
Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж "Баян айраг Эксплорэйшн" ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.