СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-12-28

Шинэ үсгийн цоморлог

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ч.Баттулга
3 жилийн өмнө

МУИС-ийн багш Чойжанцангийн Баттулгын "Шинэ үсгийн цоморлог" нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.     

Кирил үсгийн дүрэм /Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм/ 1941 онд зохиогдсоноос хойш 1951 онд тодорхойгүй бүрхэг зүйлийг тодруулсан, орхигдсон зүйлийг нэмсэн бага сага засварыг эс тооцвоос одоо хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд хууль эрхзүйн хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ.

Мэдээж хэрэг, зөв бичгийн дүрэм зохиох зарчмын ялгаа зэргээс шалтгаалан зохиогдсон цагаасаа эхлээд л эрдэмтэн судлаачдын дунд шүүмж маргаан дагуулж ирсэн. Тухайлбал: Академич Ц.Дамдинсүрэн авиан зүйн зарчмыг баримтлан халх аялгуунд суурилан зөв бичгийн дүрмээ зохиосон бол академич Б.Ринчен уламжлал, үг бүтээвэр зүйн зарчмыг баримталдаг байсан гэх мэт. Энэ талаар Ц.Дамдинсүрэн гуай 1983 онд хэвлүүлсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-ийн оршилд 10 гаруй хуудас тайлбар хийсэн бий.

Харин бидний доор өгүүлэх, нийгмийн өөрчлөлт, сургалтын шинэчлэл, зөв бичгийн дүрмийн сургалт суларсан гэх 1990-2000 оны үед  харьцангуй намжмал байжээ.

2018 онд Монгол улсын хэлбичгийн тэргүүлэх эрдэмтэн судлаачдын боловсруулсан зөв бичгийн дүрмийн журамласан толийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөр хэлэлцэн баталж, эрхлэн хэвлүүлснээр мөнөөх маргаан дахин дэгдэв. Уг толийг боловсруулахдаа Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг толийг баримталжээ.

Дээр нь, 2019 оны 6 сараас эхэлсэн хүүхдээ багаас нь эх хэлээрээ сургах гэсэн өвөр монголчуудын тэмцлийн давлагаа, манай УИХ-ын зарим гишүүдийн монгол хүүхдийг багаас нь гадаад хэл, гадны сургалтын хөтөлбөрөөр сургах гэсэн санал санаачилга, мөн манай ард иргэдийн нийгмийн сүлжээнд идэвхжих цаг үе, “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлэг зэрэг олон зүйл давхцал нь иргэдийн эх хэл соёлоо эрхэмлэх үзэл хандлагыг улам бүр дэврээж өгөв.

Сүүлийн үед цахим орчинд эх хэл, бичгийн талаарх шүүмжлэл, маргаан хүчтэй өрнөж байна. Нийгмийн тэргүүлэх сэхээтнүүд, нэр алдартай хүмүүсээс авхуулаад эгэл жирийн ард иргэд хүртэл санал бодлоо илэрхийлсээр байна.

Санаатай хийгээд санамсаргүй бүдүүлэг дайралтыг эс тооцвол хэрэглэгч олны энэхүү санал шүүмжлэл нь тэдний эх хэлээрээ алдаагүй зөв бичих гэсэн хүсэл эрмэлзлэл, улмаар эх хэл соёлдоо туйлын хүндэтгэлтэйгээр хандах болсны илэрхийлэл болохоос бус тэдний буруу зөрүү биш гэдгийг онцлон хэлье.

Гэхдээ бид яагаад ийм байдалд хүрчих вэ? Зүгээр л Бидний үед ийм байгаагүй гээд хоорондоо хэрэлдээд хэн нэгнээ буруутгаад суух уу. Шалтгааныг хамтдаа хайцгаая. Ийм байдалд хүрэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.

1.   Нийгэм, эдийн засгийн талаас

1990 онд Монгол улс төрийн өмчид тулгуурласан төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн тогтолцооноос хувийн өмчийг эрхэмлэх зах зээлийн нийгэмд шилжих болсноор хүн бүрд өөрсдөө ажил төрөл хийж амьдрал ахуйгаа залгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Чухам энэ үеэс хүн толгойтой болгон наймаа арилжаа эрхэлж эхлэв. Төрийн болон үйлчилгээний албан хаагчид, тэр дундаа олон зуун чадварлаг багш, эмч нар энэ эгнээнд нэгдсэн билээ.

Нөгөөтээгүүр, улсын үйлдвэр аж ахуйн газрууд олноор хаалгаа барьж ажилгүйдэл дээд цэгтээ хүрэв. Улс орны эдийн засаг дампуурахын ирмэгт тулж, нийгмийн сөрөг үзэгдлүүд: архидалт, хулгай дээрэм, садар самуун.. гаарч байв.

Шилжилтийн энэ үе[1]д ард иргэд яаж илүү хэдэн төгрөг олох вэ, яаж ажил төрөлтэй болох вэ, архичин гуйлгачин болчихгүй юмсан, картын бараа, өмч хувьчлал.., шилжилтийн дараагийн үед ч тэр, яаж гадаад явж ажил хийх вэ, үр хүүхдээ яаж гадаад хэл устай болгох вэ гэх үзэл давалгаалж, дээр нь улс төрийн хийрхэл, талцал, намчирхал “галзуурч” байснаас монгол хэл, бичиг үсгийн талаар бодох сөхөөтэй хүн тун цөөн байсан билээ. 

Төр засгийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдээсээ авахуулаад жирийн ард иргэд нь ч үнэндээ өөрсдөө төдийгүй үр хүүхдээ АНУ, Япон, Солонгос зэрэг гадаад улс руу явуулахад хамаг анхаарлаа чиглүүлж, виз авахаар бөөн бөөнөөрөө дугаарлаж байсан цаг саяхан шүү дээ.

2.   Хууль, эрх зүйн талаас

1941 оны 3-р сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлын “монгол бичгийг орос /кирил/ үсэгт шилжүүлэх нь зүйтэй” гэсэн тогтоол гарснаас хойш 79 жил болж байна. 2021 онд кирил үсэгт шилжих шийдвэр гарсны 80, хэрэглэж эхэлсний 75 жилийн ой тохионо.

Энэ хугацаанд, 1990 оны 6-р сарын 1-нд Сайд нарын Зөвлөлийн 285 дугаар тогтоол, 1991 оны 3 дугаар сард “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний  бэлтгэл ажлыг хангах тухай” Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоол, “БНМАУ-д албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай” Засгийн газрын 186 дугаар тогтоолууд гарснаар 50 гаруй жил хэрэглэсэн кирил үсгийг өөрчлөх боломж гарсан юм.

Гэвч  1994 оны 7-р сарын 8-ны өдөр “Улсын Бага Хурлын 1991 оны 36 дугаар тогтоолыг хэлэлцсэн  тухай” Монгол Улсын Их Хурлын 66 дугаар тогтоол батлагдснаар Монгол улсад албан хэргийг кирил монгол бичгээр үргэлжлүүлэн хөтлөх хууль эрх зүйн шинэ нөхцөл бүрдсэн билээ.

Уг тогтоолоор ардчилсан үндсэн хуульт шинэ нийгэмд кирил үсгийг үргэлжлүүлэн хэрэглэх хууль эрх зүйн үндэс бүрджээ.

Ийнхүү хууль журмын зүйл заалт нуршсаны учир бол, 1990-ээд оны эхээр Монгол улсад албан хэргийг ямар үсэг бичгээр хөтлөн явуулах нь тодорхойгүй, хууль эрхзүйн хувьд эргэлзээтэй байсныг тодотгохын тулд юм. Өөрөөр хэлбэл, энэ үеэс л, өмнө нийгмийн үеийн эх хэлээрээ зөв сайхан бичих хатуу үзэл хандлага, соёл боловсрол суларч эхэлсэн байна.

Төр засгаас баримтлах хэл бичгийн бодлого ийм ойлгомжгүй, тогтворгүй байх нь иргэдийн сурч боловсроход сөргөөр нөлөөлөхөөр барахгүй ирээдүй хойш үед их хор урхаг тарив.  Цаашид ч төрийн албан хэргийг үндэсний монгол бичиг юм уу кирил монгол бичгийн аль нэгээр хөтлөн явуулахгүй бол ард иргэдийн санал гомдол тасрахгүй гэдэг хувийн бодлоо хэлье.

Харин 2011 онд бичлэг зөрүүтэй хэсэг үг /700 үг/-ийн зөв бичлэгийг тогтоох Төрийн хэлний зөвлөлийн шийдвэр гарсан нь угтаа бичлэгийг журамлах оролдлого гэдэг талаас маш зөв байсан боловч шийдвэр гаргах ажлын арга, хэлбэрт алдаа дутагдал гарсан байдаг.

3.   Сургалт, судалгааны талаас

Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх төр засгийн шийдвэртэй холбоотойгоор 1991-1994 онд ЕБС-ийн 1-3 дугаар ангийн 200 мянга гаруй сурагч монгол бичгээрээ хичээллэдэг болж, тэдэнд хичээл заадаг олон мянган багш бэлтгэгджээ. Энэ 4 жилийн дотор Улсын хэмжээгээр бүрэн бус мэдээгээр, 6 мянга орчим хүнд монгол бичгийн бичээч, монгол албан бичиг хэргийн эрхлэгч, эх зохиогч мэргэжил эзэмшүүлэн, олон мянган багшийн мэргэжлийг дээшлүүлжээ. Түүнчлэн, их, дээд сургуулиудад монгол бичгийг тусгай хөтөлбөрөөр зааж эхэлсэн ба насанд хүрэгчдийн 62,2 хувь нь ямар нэг хугацааны сургалтанд хамрагджээ.

Үндсэндээ энэ үед кирил үсгийн сургалт орхигдсон гэж хэлж болно.

1923-1930 оны үе бол орчин цагийн дунд сургуульд монгол хэлбичгийг заасан анхны үе бөгөөд энэ үед хэлзүй бага зааж, унших, бичих, ярих дадал, дадлагын ажил голлосон сургалтын үе байсан.

Харин 1930-аад оноос монгол хэлбичгийн сургалтын агуулгад хэлзүйн хэлбэр, бүтцийг голчон заах байдал давамгайлсаар шинэ зууны босгыг алхжээ. Энэ нь товчхондоо, хэлбичгийн дүрэм журмыг түлхүү заадаг байсан гэсэн үг бөгөөд “бидний үед” бүгд шахуу алдаагүй зөв бичиж байсны нэг шалтгаан мөн. Нөгөө талаас нэг нам, захиргаадалт гэх зэрэг тухайн нийгэм улс төрийн нөлөөлөл хүчтэй байсан нь тодорхой юм.

Гэвч судлаачдын зүгээс монгол хэлбичгийн сургалтанд хэлбэрийн хэлзүй хэт дагнаснаас болж, эх хэлээ төгс төгөлдөр эзэмшиж чадахгүй байна. Тухайлбал: Унших ухаарах, бичих зохиох, ярьж таниулах чадвар алдагдаж байна гэх шүүмж гарсаар 2000 оны үеэс төр засгийн шийдвэрт хүрч, улмаар хэлбичгийн хичээлд эзлэх зөв бичих агуулга багассан. Ингээд үзэхээр 1990 оноос хойш 20-иод жил кирил үсгийн зөв бичгийн дүрэм заах эрч хүч өмнө нийгмийн үетэй харьцуулбал ихэд суларсан байна.

Үүн дээр Монголын нийгмийн сэтгэлзүйд хүүхдээ багаас нь гадаад хэл сургах үзэл маш хүчтэй нөлөөлсөн. Тухайн үед гадаад хэлний олон сургууль байгуулагдаж, дунд сургуулиудад дур дураараа гадаад хэлийг сонгон заах болсон замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 7дугаар сарын 25-ны “Гадаад хэлний сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 208 тоот тушаалаар 1997-1998 оны хичээлийн жилээс эхлэн бүх шатны сургалтын байгууллагад гадаад хэлний сургалтаар англи хэлийг эхний ээлжинд заахаар зохион байгуулах шийдвэр гарав. Мөн 2001 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Магадгүй уншигч та ч хүүхэддээ монгол хэл яахав ээ, монгол хэлээ мэдэхгүй хэн байдаг юм, англи хэл, математик шиг чухал юм байхгүй гэж хэлж байсан байж ч магадгүй...

Нөгөөтээгүүр, хууль журмыг бид хамтран хэлэлцэж тогтоод, даган мөрдөх, улмаар нийгмийн харилцааг зохицуулахын тулд зохиодог. Бидний тогтосон журам хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Магадгүй тэр хүний зөв ч байж болно. Гэвч нэгэнт олонхоор шийдэж баталсан тул хүссэн ч, эс хүссэн ч дагаж мөрдөх ёстой гэж ойлгодог.

Харамсалтай  нь, манай хэлбичгийн эрдэмтэн судлаачдын дунд нэгдэн тогтсон журмаа мөрддөггүй “өөрсдийнхөөрөө” бичдэг хүмүүс цөөн биш бий. Энэ үзэгдэл өнөөгийн байдалд хүрэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлснийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл бид, нийгэм эмх замбараагүй, улс орны эдийн засаг муу, төрийн бодлого тогтворгүй, кирил үсгийн сургалт суларсан үед  та одоо эргэлзэж маргаад байгаа үгээ ямар нэг суваг, эх сурвалжаас “ингэж” бичиж, хэвшсэн байна. Бидний үр хүүхдийн хувьд гадаад хэлийг хэт чухалчилж, эх хэлээ бага анхаарч байхдаа “тэгэж” бичдэг болсон байна. Одоохондоо уншигч таныг буруутгаагүй бас зөвтгөөгүй байна.

4.   “Цоморлог” уу, “Цоморлиг” уу.

“Цоморлог” уу, “Цоморлиг” уу, монгол бичигт ингэж бичдэг, ийм тольд ингэж байдаг, тийм тольд тэгэж байдаг хэмээх маргаан эцэс төгсгөлгүй юм. Ялангуяа мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүстэй ийн хэлэлцэх нь дэндүү утгагүй юм.

Харин ЦОМОРЛОГ нь зөв, ЦОМОРЛИГ нь буруу, энэ чинь ийм учиртай шүү дээ, та нар буруу сурчихгүй юу хэмээн хэлний мэргэжилтэн болгон шахуу тайлбарлаад байхад хэрэглэгч олны эргэлзээ тээнэгэлзээ арилахгүй байгаагийн учир юу вэ?

Хариулт маш энгийн.

Хэлбичгийн чиглэлээр бакалавр зэрэг эзэмшсэн хүнд өөрөөр хэлбэл “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан” энэ туйлын ойлгомжтой харагдана. Заавал хэлбичгийн ч бус ер нь аль ч мэргэжлээр их дээд сургууль төгссөн хүнд ч, ЕБС төгссөн хүнд тийм байх ёстой боловч харамсалтай нь, бидний өмнө дурдсанчлан нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, боловсрол сургалтын чанарын зэрэг шалтгааны улмаас эх хэлний боловсролыг ард иргэддээ бүрэн гүйцэд олгож чадаагүйтэй шууд холбоотой.

Хэлийг хэрэглэгч хүн бүхний мэдлэг боловсрол адилгүй байхаас гадна ЦОМОРЛОГ нь зөв, ЦОМОРЛИГ буруу гэдгийн учир утгыг мэдэж байх албагүй тул та нар буруу сурсан учраас буруу бичээд байна гэх хандлагаас зайлсхийх хэрэгтэй.

Харин хэл бол ус агаар, хоол унд адил хүний амин чухал хэрэглээ. Хүн бүр цаг мөч тутамд ярианы болон бичгийн хэлийг хэрэглэж, санаа бодлоо илэрхийлж, өөр хоорондоо харилцан ойлголцож амьдардаг хэрэглэгч гэдэг талаас ухаж ойлгох хэрэгтэй.

Бид ярилцаж байхдаа чи ЦОМОРЛИГ гэчихлээ, ЦОМОРЛИГ биш ЦОМОРЛОГ зөв, Л-ийн дараа О эгшиг хэлэх ёстой, чи сая И л хэлчихлээ шүү дээ гээд хэрэлдээд маргалдаад байдаггүй биз дээ. Үнэндээ, хэл аялгууны ялгаа, хүний өгүүлэх эрхтний байдлаас болоод Л-ийн дараагийн эгшиг хэт балархайшиж дуудагдана. Үүнийг тусгай багаж техникийн тусламжтайгаар ялгана уу гэхээс хүний сонсох эрхтэн нарийн ялгах боломжгүй.

Үүнтэй адил, бичгийн хэлний хэм хэмжээ ярианы хэлнийхээс ялгаатай хэдий ч ЦОМОРЛОГ нь зөв үү, ЦОМОРЛИГ нь зөв үү гэдэг нь жирийн иргэн таны, ер нь нийт хэрэглэгчдийн шийдэх маргах асуудал огт биш юм.

Улсаараа хэл судлаач болох гээгүй бол “Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаа алга” гэгчээр ЦОМОРЛОГ нь байна уу, ЦОМОРЛИГ нь байна уу гэдэг уул нь хамаагүй эд.

Харин .

Зөв бичгийн дүрмээ тайлбарлан таниулах, “засаж сайжруулах”, үг хэллэгээ шинжлэх ухааны үндэстэй, зөв журамлах нь эрдэмтэн судлаачдын ажил, дүрэм журмаа ирээдүй хойч үедээ сайтар заан сургах нь хэлбичгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн үйл хэрэг, нэгэнт батлагдсан зөв бичгийн дүрэм, журамласан толийг даган мөрдөх нь иргэн бүрийн журамт үүрэг билээ.

Харин энэ үгийг журамлаагүй байна, үүнийг хэрхэн журамласан бэ гэж хэлний асуудал эрхэлсэн байгуулагуудын чихэнд байнга хонх уях хэрэгтэй.

Бидний үед ямар байсан нь биш өнөө үед яаж журамласан нь чухал. Бүгд хичээцгээе.

Төгсгөлд нь, Нийгмийн сүлжээнд нэлээн түгсэн МУГЖ Б.Базаррагчаа гуай нэгэн ярилцлагатай холбоотой өөрийн бодлыг товч өгүүлье. Тэрээр

1.   Хэл өөрчлөөд байна. Хариулт: Хэлийг хэн нэгэн хүн өөрчлөх боломжгүй. Хэл бол өөрийн зүй тогтлын дагуу хувьсан өөрчлөгдөж байдаг. 

2.   Сургуульд явж байгаа хүүхддээ би зааж өгөх багш нь зааж өгөх зөрөөд байна. Хариулт: Хүн гэдэг амьтан төгс төгөлдөр биш учраас бүхнийг мэдэх боломжгүй. Мэдээж зөрнө. Өнөө цагт зөв бичгийн дүрмийн журамласан толийг комьпютер, гар утсандаа суулгаад эргэлзээтэй үгээ харах, хэрэглэх соёлд суралцах нь чухал. Монгол хэлний мэргэжилтнүүд ч огт алдаагүй бичнэ гэдэг ойлголт байхгүй.

3.   Гадаадын шахалтаар монгол хэлний хуулинд монгол хэлийг засаж сайжруулах гэсэн заалт оруулсан. 2015 оны Монгол хэлний тухай хуулинд ийм үг өгүүлбэр байхгүй.

4.   Урамшуулалтай аа... Гадныхан урамшуулаад хэлбичгээ өөрчилдөг эрдэмтэн судлаач нэгээхэн ч үгүй гэдэгт 100% итгэлтэй байна.

Харин Монгол Улсын ЗГ-ын /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/ 2013 оны 2 дугаар сарын 2-ны “Монгол хэлбичгийн боловсролыгсайжруулах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Мөн Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн /БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь/ 2016 оны 09дүгээр сарын 8-ны “Монгол үсгийн дүрэм батлах тухай” 05 дугаар тогтоолоор ажлын хэсгүүд ажилласан байдаг бөгөөд тэдгээрийн цалин хөлсөнд хэчнээн хөрөнгө мөнгө зарсан нь сонирхсон хүнд нууц биш буй за.

[1] Академич Т.Намжим “Монгол улсын шилжилтийн эдийн засаг, цаашдын төсөөлөл” өгүүлэлдээ: Монголын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийг I үе-1990-2000, II үе 2001-2010 гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.