Коронавирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг АНУ, Канад, Их Британиас гадна Латин Амрикийн хэд хэдэн улс орнууд хэрэгжүүлж эхэлснээс гадна дэлхийн бусад улс орнууд ч ойрын хугацаанд дархлаажуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Ирэх 2021 онд дэлхийн улс орнууд хилээ нээж, аялал жуулчлалын салбар дахин сэргэнэ гэсэн хүлээлт бий. Хүссэн газартаа очиж, хүссэн зүйлээ хийхэд танд магадгүй коронавирусийн вакцин хийлгэсэн гэдгийг батлах нотолгоо шаардлагатай болно.
Технологийн компани, группууд хэдийнээ олон нийтэд зориулсан Ковид-19-ийн тухай мэдээлэл багтаах аппликейшнуудыг хийж эхэлжээ. Ухаалаг гар утсанд зориулсан эдгээр апп-уудын тусламжтайгаар таны Ковид-19-ийн талаарх мэдээлэл бүртгэгдэх ба вакцин хийлгэсэн эсэхийг чинь тодорхойлно. Ингэснээр аялалд гарах, концерт үзэх, цэнгэлдэх хүрээлэн явах, кино театр орох эрхтэй хүмүүсийн мэдээлэл цугларах юм.
Тэдний нэг нь Женевт төвтэй Коммон Прожект ашгийн бус байгууллага болон Дэлхийн эдийн засгийн форумын хамтран санаачилсан Коммон Траст Нетворк төсөл юм. Уг төсөл дээр Кэтэй Пэсифик, ЖетБлю, Луфтанза, Швисс Эйрлайнс, Юнайтед Эйрлайнс зэрэг нислэгийн компаниудтай хамтран ажиллаж КоммонПасс апп-ыг бүтээж байна. Энэ апп-д эрүүл мэндийн салбарын олон зуун сүлжээг холбосноор хүний хувийн нууц мэдээлэлд нэвтрэлгүйгээр коронавирусийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх болон вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг QR кодоор баталгаажуулах явдал юм.
Мөн АНУ-ын IBM технологийн компани “Дижитал эрүүл мэндийн пасс” нэртэй апп-ыг хөгжүүлж байна. Энэ апп-д коронавирусийн шинжилгээ, вакцины баримтаас гадна биеийн дулааны хэмжүүр, энэ тухай мэдээллийг байрлуулах юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.