Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн цагаар коронавирусийн халдварын шинэ тохиолдол, нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай зургаан шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнд, хэвтэн эмчлүүлж байгаа хоёр, нэг сахиур болон халдвар авсан хүмүүсийн ойр дотны гурван хүнээс илэрчээ. Харин бусад аймгуудаас халдварын шинэ тохиолдол илрээгүй байна.
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон, ажиллахгүй байна. Гаднаа "Тус төвд коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн тул үйлчлэхгүй болохыг мэдэгдье" гэсэн зар тавьсан талаар сэтгүүлч асуулаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХСҮТ 600 эмч, ажиллагсадтай. Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг энэ байгууллагын бүх ажилтныг шинжилгээнд хамруулж байгаа. 300 гаруй хүнээс шинжилгээ авахад хоёр хүнээс вирус илэрсэн. Гэхдээ баталгаажих шинжилгээг хийнэ. Баталгаажвал албан ёсоор зарлана гэв. Одоогоор,
-Баянгол дүүрэг-40
-Баянзүрх дүүрэг-148
-Сүхбаатар дүүрэг-26
-Сонгинохайрхан дүүрэг-30
-Хан-Уул дүүрэг-25 тохиолдол илрээд байна.