ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд сүлжээний инженерээр ажиллаж байсан цагдаагийн дэслэгч Ж.Хонгор нь найз бүсгүйнхээ хамтаар делта 9-тетрагидроканнабинолын агууламжтай, 102 грамм жинтэй мансууруулах төрлийн ургамлыг Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан хэргээр 2020 оны нэгдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил, 5 сар хорих ял шийтгүүлж байв.
Дэслэгч Ж.Хонгор нь 2019 оны наймдугаар сард өөрийн найз бүсгүй Ж.Д-ий хамтаар Булган аймгийн Тэшиг суманд очиж дөрөв хоног амрах хугацаандаа 10-ийн тор дүүрэн мансууруулах төрлийн ургамлыг түүж, улмаар Улаанбаатар хотод байх гэртээ боловсруулж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдаж байжээ.
Тэрбээр шүүх хуралдааны үеэр “... Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Бид амьдралынхаа анхны алхмыг хийж байгаа залуу хүмүүс. Бид бүгдэд ирээдүйд сайн сайхан амьдрах зорилго, төлөвлөгөө байгаа. Тиймээс бидэнд нэг удаа боломж олгоно уу” хэмээн мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байдаг.
Хөдөлшгүй баримт нотолгоотой, шүүгчдэгч нар гэм буруугаа хүлээсэн уг хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэсэн нь анхаарал татдаг.
Улмаар сэтгэцэд нөлөөт ургамал, мансууруулах бодисыг хууль бусаар түүж, бэлтгэсэн гэх уг хэрэгт оногдуулж байсан ял шийтгэл тэнсэн харгалзах ял болон өөрчлөгдөж, гэм буруутай этгээдүүд суллагджээ.
Шүүгдэгч Ж.Хонгорын аав Ж.Жамсрандорж тухайн үед Булган аймгийн Тэшиг суманд байрлах хилийн цэргийн 286-р ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд “Миний хүү багаасаа мэдээлэл технологийн чиглэлд дур сонирхолтойн зэрэгцээ олон улсын тэмцээн уралдаанд тогтмол амжилт гаргаж байсан сайн хүүхэд байсан. Тамхи ч татдаггүй хүү минь мансууруулах бодис түүж хэрэглэж байсан гэдэгт итгэж чадахгүй байна” хэмээн шүүхэд мэдүүлж байжээ.
Сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар түүх, боловсруулах, хадгалах хэргээр ял шийтгүүлж буй хэргийн тоо тасралтгүй өссөөр байгаа. Гэвч уг хэрэгт холбогдсон хүмүүс шүүхийн шатанд энэ мэтчилэн ял шийтгэлээс чөлөөлөгдөж суллагдах тохиолдол олон байгаа тул энэ асуудлыг хөндөж бичлээ.
Тухайлбал, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатарын төрсөн хүү Б.Энхманлай нь сэтгэцэд нөлөөлт бодис болон түүнийг хэрэглэдэг эд зүйлсийг тээвэрлэж яваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баригдсан атлаа тэнсэн харгалзах ялаар суллагдсан асуудлыг бид өмнө нь хөндөж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.