Коронавирусийн цар тахал Антарктид тивд бүртгэгдсэнээр халдвар дэлхийн бүх тивд хүрэв.
Чилийн эрх баригчид Антарктид дахь цэргийн хоёр бааз болон тус тив рүү явсан тэнгисийн цэргийн хөлөг онгоцонд байсан 58 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж мэдэгджээ. Харин тус тивд аливаа үйл ажиллагаа явуулдаг бусад улс орнууд халдварын тохиолдлын талаар хараахан мэдээлээгүй байгаа юм.
Антарктид дахь Чилийн "General Bernardo O'Higgins" судалгааны баазын 36 хүнээс халдвар илэрсэн гэж тус улсын арми даваа гарагт мэдэгдсэн бол мягмар гарагт Чилийн Биобио мужийн Эрүүл мэндийн сайд Чилийн тэнгисийн цэргийн "Sergeant Aldea" хангамжийн хөлөг онгоцон дээрх 21 хүн халдвар авсан гэж мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын Агаарын цэргийн хүчний баазын энгийн ажилтнууд амьдардаг Лас Эстреллас тосгонд өөр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
"Sergeant Aldea" хөлөг онгоцонд байсан гурван хүнээс өнгөрсөн долоо хоногт халдвар анх илэрсэн бөгөөд үүний дараагаар багийн 208 гишүүн бүгд шинжилгээнд хамрагдсан бол одоо тус хөлөг онгоц тэр чигээрээ тусгаарлалтад ороод байгаа юм. Одоогоор халдварын эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл ил болоогүй байна.
Эх сурвалж: Associated Press