Британийн супер модель Стелла Теннант хэдхэн хоногийн өмнө 50 нас хүрсэн боловч харамсалтайгаар таалал төгссөн тухай гэр бүл нь мэдэгджээ. Гэр бүлийнх нь зүгээс “Стелла үргэлж бидэнд урам зориг өгдөг, гайхалтай эмэгтэй байсан. Түүнийг маш их санах болно. Стелла Теннант 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр таалал төгссөн гэдгийг дуулгахад маш хүнд байна” гэжээ.
Мөн Стелла гэнэтийн байдлаар таалал төгссөн бөгөөд цагдаа нар ямар нэг сэжигтэй нөхцөл байдал ажиглагдаагүй тухай мэдээлсэн гэж эх сурвалжууд дамжуулжээ. Нэрт топ модель энэ сарын 17-ны өдөр 50 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн юм.
Стелла Теннант 1990-ээд оны үед дэлхийн загварын тайзанд гялалзаж эхэлсэн билээ. Тэр Chanel, Versace зэрэг олон алдартай брэндүүдийн нүүр царай болж Карл Лагерфелд зэрэг шилдэг дизайнеруудтай хамтран ажиллан, Vogue, Harper’s Bazaar зэрэг алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн юм. Лагерфелд түүнийг Coco Chanel-ийн шилдэг нүүр царайгаар сонгож байжээ.
Гэр бүлийнх нь зүгээс үхлийн шалтгааныг олон нийтэд зарлалгүй, хувийн нууцлалыг хүндэтгэн үзэхийг хүссэн байна. Түүний дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй мэдэгдэнэ гэжээ.
1993 онд 22 настайдаа Vogue сэтгүүлийн нүүрийг анх чимсэн супер модель Alexander McQueen, Calvin Klein, Jean Paul Gaultier болон Burberry гээд шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Түүнийг гэнэт таалал төгссөн явдалд загварын орднууд эмгэнэл илэрхийлсээр байна.
Versace ордноос “Теннант олон жилийн турш гэр бүлийн дотны найз байсан” гэдгийг Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн Stella McCartney “Угийн хүндхэн байсан 2020 он маш аймшигтай, гунигтай мэдээгээр дуусч байна. Тайван нойрсоорой. Таны мөн чанар, дотоод гоо үзэсгэлэн дэндүү төгс төгөлдөр байсан, Стелла” хэмээн Инстаграм хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн Донателла Версаче “Чамайг яваад өгсөн гэхэд би итгэж чадахгүй байна. Бид хамтдаа хором мөч бүрийг дэндүү сайхан өнгөрөөжээ” хэмээн дурсжээ. Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул “сайхан сэтгэлтэй, гайхалтай эмэгтэй байсан” хэмээн эмгэнэл илэрхийлжээ.
Теннант 2012 оны Лондоны Олимпийн наадмын хаалтан дээр Кэйт Мосс, Наоми Кэмпбелл нарын хамт алхаж байсан юм. Хамгийн сүүлд Британийн Vogue сэтгүүлийн нүүрэн дээр 2018 онд дүрээ үлдээжээ. 1999 онд Францын гэрэл зурагчин Дэвид Ласнеттай гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд энэ оны эхэнд тэд гэр бүлээ цуцлуулсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.