Засгийн газраас Ковид-19 цар тахлаас үүдэн хатуу хөл хорио тогтоосон ч БОАЖЯ төлөвлөгөөт ажлуудаа цаг алдалгүй, хэвийн үргэжлүүлсээр байна. Тус яамны Удирдлагын зөвлөл хуралдаж Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан байна.
Хурлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж тусгасны дагуу хог хаягдлын өнөөгийн байдал болон "Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн танилцуулгыг хийж санал солилцжээ.
“Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр xoг хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2024 он гэхэд 24 хувьд хүргэх, xor хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг бууруулах боломжууд бүрдэх юм.
Мөн ховор ан амьтан, ургамлын өсгөн үржүүлж, ашиглалтын нөөцийг бий болгох ажлын хүрээнд аргаль хонь, янгир ямаа, хулан адууны хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээг дөрвөн аймагт хэрэгжүүлэх, ховор амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг явуулах, хар сүүлт зээрийн тооллого хийх, нөөцийг тогтоох судалгаа явуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж эхэллээ. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг цахимаар ирүүлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.