АНУ-ын 46 дахь шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден Пфайзер/БиоНТек-ийн хамтарсан коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцин хийлгэжээ. Тэрээр энэ үйл явдлаа телевизээр шууд дамжуулан америкчуудад харуулж, вакцины аюулгүй байдалд эргэлзэх зүйлгүй гэдгийг үлгэрлэсэн байна.
Уг вакциныг Цагаан ордны ажилтнууд түрүүлж хийлгэх шаардлагагүй, өөрөө ч хийлгэх цаг нь болоогүй гэж одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ярьсан. Тэгвэл Конгрессийн дарга Нэнси Пелоси, дэд Ерөнхийлөгч Майк Пэнс зэрэг улс төрчид вакцинжуулалтад хамрагдаад байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Америкийн хүнс, эм бэлдмэлийн аюулгүй байдлыг хамгаалах мэргэжилтнүүд Модернагийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакциныг бүх нийтэд хэрэглэхийг дэмжсэн. Ингэснээр албан ёсны зөвшөөрөлтэйгээр дархлаажуулах аянд хэрэглэж эхлэх хоёр дахь вакцин Модерна болж байна.
Байден хэлэхдээ "Иргэд вакцин хийлгэх боломжтой үе ирэх хүртэл бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг харуулахын тулд өөрөө биечлэн үзүүллээ. Үүнд санаа зовох хэрэг огт байхгүй" гэжээ.
Байден болон түүний эхнэр Жиллийн дараа дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Камала Харрис, нөхрийнхөө хамт ирэх долоо хоногт вакцин хийлгэхээр төлөвлөж байна. Байдены баг тангаргаа өргөснөөс хойш 100 хоногт 100 сая тун вакцин тарих зорилготой ажиллаж байгаа.
Одоогоор АНУ-д 18 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 300,000 гаруй хүн амь насаа алдаад байна.
Америкийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс ням гарагт вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай иргэдийн зөвлөмжийг шинэчлэн баталсан. Энд дурдсанаар эрүүл мэндийн салбарын 21 сая ажилтан, удаан хугацааны асрах төвд амьдарч байгаа 3 сая ахмад настан хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдана. Үүний дараа 75 болон түүнээс дээш насныхан, галын шугаманд ажиллаж буй бусад ажилтнууд болох 30 сая хүн хоёрдугаар ээлжинд багтаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.