Английн нутаг дэвсгэр, тэр дундаа нийслэл Лондон хотод коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар тархсантай холбогдуулан Европын хэд хэдэн улс Их Британиас нислэг, ачаа тээвэр хүлээж авахгүй гэдгээ зарлаад байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс Их Британиас зорчигчид хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Их Британиас очсон зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрч чадалгүй нисэх буудал дээр хонож байна.
Мөн Швед улсын Засгийн газар Дани улсаас зорчигч хүлээж авахгүй гэлээ. Учир нь Дани болон Нидерланд, Австрали, Итали улсуудад Англид тархсан коронавирусийн шинэ хувилбар илэрсэн. Энэ нь илүү үхлийн аюултай, хүндээр өвчлүүлж байгаа гэдгийг эрдэмтэд тогтоогоогүй ч 70 хувиар илүү хурдан тархах чадвартай болохыг илрүүлээд байгаа юм.
Их Британийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тархалтын хяналтыг алдсан гарсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай албаны дарга Майк Райн вирус мутацид орж байгаа нь цар тахлын хувьсал, өөрчлөлтийн энгийн байдал бөгөөд хяналтаас гараагүй гэж үзэж байна.
Франц улс Их Британитай Channel Tunnel-р холбогддог Довер боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэхийг 48 цаг хориглосон. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын төрийн тэргүүн Эммануэль Макронтой холбогдож худалдааны гол гарцыг нээх тухай хэлэлцээр хйиж байна. Өнөөдөр Европын Холбооны 27 гишүүн орон эцсийн шийдвэрээ танилцуулах ба коронавирусийн шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан тохиолдолд иргэдийг нэвтрүүлэх боломж бий.
Европ тивээс гадна Энэтхэг, Иран, Канад улсууд мөн Их Британиас ирж байгаа хүмүүсийг хил нэвтрүүлэхээс татгалзаж байна. Саудын Араб, Кувейт, Оман улсууд бүрэн хилээ хааж, олон улсын бүх нислэгийг хориод байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.