Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пинера далайн эргийн амралтын газар үл таних эмэгтэйтэй амны хаалтгүй селфи зураг авахуулснаар 3,500 ам.долларын торгууль хүлээснийг өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Ерөнхийлөгч коронавируст цар тахлын үед улс орон даяар хэрэгжүүлж буй заавал амны хаалт зүүх дүрмийг зөрчсөн гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд үзсэн байна.
Чилийн Засгийн газар олон нийтийн газар амны хаалт зүүх дүрмийг албадан хэрэгжүүлж, зөрчсөн тохиолдолд их хэмжээний торгууль ноогдуулж, хорих ял шийтгэл оноож байгаа юм. Пинера амны хаалтгүй зураг авахуулсныхаа дараа тэр даруй хүлцэл өчжээ.
Ерөнхийлөгчийн тайлбарласнаар 12 дугаар сарын эхэнд гэрийнхээ ойролцоо Чакагу тосгоны далайн эрэгт ганцаараа алхаж байжээ. Энэ үед үл таних эмэгтэй төрийн тэргүүнийг таньж, хамт зураг авахуулахыг хүссэн байна. Гадаа нарлаг байсан бөгөөд тэд тун ойр зогсож, зай барих дүрмийг ч баримтлаагүй ажээ.
Энэ явдлаас өмнө Пинера өнгөрсөн жил Сантьягод гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр пиццаны үдэшлэгт хөгжилдөн, зургаа авахуулсан байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байжээ. Чили улсад 5, 6 дугаар саруудад коронавирусийн халдвар огцом өссөн бөгөөд 11 дүгээр сард дахин нэмэгджээ. Одоогоор тус улсад коронавирусийн 600,000 орчим тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.