Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгахаар болсон талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисоос мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй гэж иргэд тайвширч болохгүйг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа Сүхбаатар болон Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байна.
Тухайн хоёр суманд тогтоосон хатуу хөл хорионы дэглэм буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдсэн.
Сэлэнгэ аймгийн лабораторид 198 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байранд 109 иргэн ажиглалт тандалтад тусгаарлагдаж буй. Алтанбулаг боомтын талбайд 20 ачааны автомашин байрлаж байгаагаас 11 нь импортын ачааны машин бол 9 ачааны машины жолооч нь тусгаарлагдсан байна" гэв.
Бусад аймаг орон нутаг руу зорчих иргэдийн анхааралд:
Сүхбаатар сумын Төмөр замын клубын байранд PCR шинжилгээ тогтмол байрлаж иргэдээс шинжилгээ авахаар боллоо.
Энэ сарын 21-ны 10:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд PCR шинжилгээ авна.
Иймээс бусад аймаг орон нутаг руу явах иргэд Сүхбаатар сумын Онцгой комисст бүртгүүлээд шинжилгээгээ өгч хариу гарсны дараа зорчих хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 20-ны өдрийн А/340 дугаар захирамжийн 1-р хавсралтаар батлагдсан 17 төрлийн үйлчилгээ эрхлэх төрийн албан хаагчид, иргэд шинжилгээгээ өгнө үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.