Их Британийн эрдэмтэд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн хувирч, мутацид орсон шинэ хувилбар нийтлэг тархаж байгаа мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн билээ. Их Британийн эрдэмтэд уг хувилбарыг VUI – 202012/01 гэж нэрлээд байгаа бол олон улсын эрдэмтэд SARS-CoV-2 гэж нэрлэсэн.
Тус улсад мутацид орсон коронавирус хурдацтай тархаж байгаа тул дэлхийн улс орнууд Их Британи руу зорчихыг хориглож эхэллээ. Тухайлбал Австри, Итали, Швейцарь, Ирланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Бельги, Канад зэрэг улсууд Их Британийг чиглэсэн болон тэндээс ирэх бүх нислэг, зорчигч тээврийн үйлчилгээгээ тодорхойгүй хугацаагаар хориод байна. Мөн Франц, Их Британийг холбосон Channel Tunnel-ыг 48 цагийн хугацаанд хаах шийдвэрийг Францын эрх баригчид гаргажээ.
Өнөөдөр Европын Холбооны эрх баригчид уулзаж, хориг арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Мутацид орсон коронавирус Английн зүүн хойд нутаг дэвсгэр, нийслэл Лондон хотод маш хурдтай тархаж байгаа бөгөөд эрх баригчид хяналтаас гарсан гэж мэдээлж байна. Эдгээр нутаг дэвсгэрт хорио цээрийн дөрөвдүгээр түвшний арга хэмжээг яаралтай авах болсныг өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
Мутацид орсон коронавирус илүү үхлийн аюултай, вакцинд нөлөөгүй эсэх нь тодорхойгүй байгаа ч халдварлах чадварын хувьд 70 хувиар илүү байгааг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд баталж байгаа юм.
Энэ сарын 14-ний өдөр Их Британийн эрх баригчид хорио цээрийн дэглэмийг чангаруулсан ч ням гарагт халдварын тархалт эрс нэмэгдэж, нэг хоногийн дотор 13,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тоо хоёр сая гараад байна. Тус улсад коронавирусийн халдварын улмаас 70 мянга орчим хүн нас баржээ. Дашрамд мэдээлэхэд Их Британи нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяныг хамгийн түрүүнд эхлүүлсэн улс юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.