ЭМЯ-аас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Өчигдөр улсын хэмжээнд 8,416 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол зургаа нь дотоодын халдвар байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 961 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 509 хүн эдгэрээд байгаа бол 443 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол хоёр хүн нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан кластер голомтот хавьтлуудаас коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 500 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 391 боллоо.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 961-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 443 батлагдсан тохоилдол эмчлэгдэж байна" гэв.
Дотоодын халдвар:
Улаанбаатар хотод- 175
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-26
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 4323 хүн өчигдөр коронавирусийн шинжилгээнд хамрагдсан. ХӨСҮТ-ийн явуулын баг Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллаж буй 9000 гаруй жолооч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад шинээр халдвар илэрсэнгүй. Дэлхийн улс орнуудад коронавирусийн тархалт идэвхтэй байгаа учраас зай барих, амны хаалт зүүх аргыг хамгийн түгээмэл хэрэглэж байна. Манай улсын иргэдийн хувьд хамт ажиллаж байгаа, нэг өрөөнд хамт байрлаж буй хүнээсээ тухайн халдварыг авах эрсдэл өндөр байгаа тул аж ахуйн нэгжүүд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарна уу. Нэг өрөөнд нэг хүнд ногдох талбай 4мкв-аас доошгүй байх, хүн хоорондын ширээ, зай барилт 2-3 метр байх, нийт ажилтнуудынхаа 2/3-ыг нь аль болох гэрээс нь ажиллуулахыг уриалж байна. Мөн 1-3 ажилтнаа коронавирусийн шинж тэмдгийг илрүүлэх ажилд томилох хэрэгтэй. Тухайн хүн нь байнга тандалт шинжилгээ хийж, халуурах, бие сульдах, хөлс нь гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүн байгаа тохиолдолд эмнэлгийн байгууллагад шуурхай хандах нь зүйтэй. Мөн эмнэлгийн алба хаагч очих хүртэл тухайн шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлах, байгууллага руугаа орох гарах хөдөлгөөнийг зогсоох ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.