Энэтхэг улсын Засгийн газар 1,3 тэрбум иргэнээ коронавирусийн эсрэг вакцинжуулах хөтөлбөрийг ирэх нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ аль фирмийн вакциныг хэрэглэх нь тодорхойгүй байна. Ирэх өдрүүдэд эрх баригчид шуурхай хуралдаж шийдвэрээ гаргана.
Одоогоор тус улсад хоёр ч вакцин албан ёсоор дэмжигдсэн. Эдгээрээс гадна зургаан вакцины клиникийн туршилт үргэлжилж байна.
Вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг хамруулсан байхаар төлөвлөжээ. Энэтхэг улсад коронавирусээр 10 сая иргэн халдварлаж, 144,000 гаруй хүн нас бараад байгаа юм.
Энэтхэгийн Серум хүрээлэн, Британийн АстраЗенекатай хамтарсан Ковишиелд болон Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл, Бхарат Биотекийн хамтарсан Коваксин нэртэй хоёр вакцин албан ёсны зөвшөөрлөө аваад байгаа юм.
Эрх баригчид Энэтхэг улсын Засгийн газар олон сая вакцины урьдчилсан захиалгыг гадны улс орнуудын үйлдвэрлэгчдэд өгсөн гэх мэдээллийг үгүйсгэлээ. Дотоодын эм үйлдвэрлэгчид хэрэгцээгээ бүрэн хангах чадамжтай гэж үзсэн. Тухайлбал Серум хүрээлэн нь дэлхийн хамгийн том вакцины үйлдвэртэй. Харин Бхарат Биотек компани ганцхан сарын дотор 65 сая тунг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Вакцинжуулах хөтөлбөрийн эхний үе шатанд 30 сая иргэнийг хамруулна. Үүнд эрүүл мэндийн салбарын 10 сая ажилтан, цагдаа, цэрэг зэрэг зайлшгүй ажиллах шаардлагатай албан хаагчдыг хамруулна. Хоёрдугаар үе шатад 50-аас дээш насныхныг багтаахаар төлөвлөсөн байна. Энэтхэг улс нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй дархлаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Жил бүр шинээр мэндэлж буй нярай, жирэмсэн эмэгтэй гээд 40 сая хүнийг 12 төрлийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулдаг байна.
Улс даяар дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 223,000 сувилахуйн сургуулийн оюутны 154,000-ыг нь дайчлан коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хийхэд туслуулна. Вакциныг нөөцөлж, хадгалахад 30 мянга орчим хөргүүртэй агуулах байгууламжийг ашиглана гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.