Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нэгдсэн төв эмнэлэгт хэвтсэн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс дахин 18 тохиолдол нэмж илрээд байгаа юм. Үүнд гурван эмнэлгийн ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн багтаж байгаа. Тэгвэл тус эмнэлэгт халдвар тархах эрсдэлийг эрс бууруулах байсан нэгэн шийдлийг танилцуулж байна.
Эмнэлгийн тусгаарлах өрөө буюу агаарын сөрөг даралттай өрөөнүүд нь халдварт өвчнөөр өвчилсөн, эсвэл халдвар авах өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг бусад өвчтөн, зочид болон эрүүл мэндийн ажилтнуудаас тусгаарлан, хамгаалдаг.
Ийм төрлийн өрөө нь халдварыг хянах түгээмэл арга бөгөөд улаанбурхан, сүрьеэ, "SARS", "MERS", коронавирус зэрэг агаарын замын халдварт өвчний үед тусгаарлалтын гол зэвсэг болдог байна. Эдгээр өрөөн доторх агаарын даралт тухайн өрөөний гаднах агаарын даралтаас бага байдаг тул сөрөг даралттай өрөө гэж нэрлэдэг.
Үүний ачаар уг өрөөний хаалгыг онгойлгоход өрөөн доторх бохирдсон агаар ба бусад аюултай тоосонцор гаднах бохирдолгүй хэсэгт урсан орохгүй гэсэн үг юм. Оронд нь гаднын бохирдолгүй шүүсэн агаар сөрөг даралтын өрөөнд орж ирдэг аж. Харин бохирдсон агаарыг тусгай яндангийн систем өрөөнөөс сорж гаргадаг бөгөөд үүнийг эрүүл мэндийн байгууллагаас гадагшлуулахаасаа өмнө зориулалтын шүүлтүүрээр цэвэрлэдэг байна.
Түүнчлэн сөрөг даралттай өрөөнүүд нь зөвхөн нэг өвчтөнд зориулсан тусгаарлах өрөө байх албагүй. Олон улсын эмнэлгүүдийн хүлээлгийн хэсэг, угаалгын өрөө, үзлэгийн хэсэг болон халдвар амархан тархах магадлалтай бүсүүд агаарын сөрөг даралттай байх нь элбэг байдаг аж.
Эх сурвалж: News-Medical.Net