Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд коронавирусийн халдварын шинж тэмдгүүд илэрч эхэлсний дараа тэрээр пүрэв гарагийн өглөө шинжилгээ өгсөн бөгөөд түүний хариу "Эерэг" гарчээ.
Халдвар авснаа мэдсэнээсээ хойш хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Макрон төлөвлөсөн ёсоор дэлхийн ядуу буурай орнуудад Франц улсаас тусламж үзүүлэх тухай дугуй ширээний уулзалтад оролцсон хэдий ч биечлэн ирэхийн оронд цахимаар холбогдон, амны хаалт зүүн хуралдсан байна.
Одоо тэрээр тус улсын үндэсний эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах аж. Харин Ерөнхийлөгчид ямар шинж тэмдэг илэрсэн, ямар эмчилгээ хийлгэж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
42 настай Макрон ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх бөгөөд алсаас ажиллана гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ. Түүний эхнэр, 67 настай Брижит пүрэв гарагт мөн шинжилгээ өгсөн ба түүний хариу "Сөрөг" гарсан байна.
Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт олон улсын хэд хэдэн удирдагчтай уулзсан билээ. Тэдний дунд Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч болон Франц, Испанийн Ерөнхий сайд нар байсан бөгөөд тэд одоо бүгд өөрийгөө тусгаарлаад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press